АНУ-ын Виржиниа мужийн Мишелиний одонг гурван ч удаа хүртсэн дээд зэрэглэлийн зоогийн газарт ганцаараа ирсэн ч санаа зоволтгүй болжээ. Учир нь зоогийн газрын зөөгч таны хажууд сууж буй хэн нэгэнд дарс хундагалж тав тухтай байдлыг хангана. Энэ хүн хөдөлдөггүй, ярьдаггүй учир танд саад болохгүй.
Түүнчлэн коронавирусийн тархалтын үед олон нийтээс зай барих дүрмийг хэрэгжүүлэхэд эдгээр манекенууд ихээхэн тус хүргэнэ. Литтл Вашингтон Инн зоогийн газар энэ санааг хэрэгжүүлж эхэлжээ. Тус зоогийн газрын Мишелиний одон хүртсэн ахлах тогооч Патрик О’Коннель нийтээс зай барих дүрмийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ үйлчлүүлэгчдэд ганцаардсан мэдрэмж төрүүлэхгүйн тулд ганган дэгжин хувцасласан манекенуудыг ашиглахаар шийдсэн байна.
Амьгүй моделиуд ямар нэг зүйлд гомдолдоггүй бөгөөд дуртай загвараараа хувцаслахад хөгжилтэй байдаг хэмээн О’Коннель хэлсэн байна. АНУ-ын мужууд хатуу чанга хорио цээрийн дэглэмийг суллаж, зоогийн газрууд дахин үүд хаалгаа нээсэнтэй холбогдуулан нийтээс зай барих дүрмийг биелүүлж байна. Зарим зоогийн газрууд иргэдийг нэг нэгээс нь зайтай байлгахын тулд тусгаарлагч, хөшиг, ургамал зэргийг дунд нь тавьжээ.
Литтл Вашингтон Инн зоогийн газар амжилттайгаар 42 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулсан ч гуравдугаар сард коронавирусийн хөл хорионы үеэр анх удаа үүд хаалгаа барьсан байна.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.