ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”ийн хугацаа дуусахад арав хүрэхгүй хоног үлдээд буй. Хөтөлбөрийг амжилттай дуусгаж, гайгүй үнэлгээ авах нь Засгийн газрын хувьд чухал асуудал болоод буй атал 2018 онд хийх ёстой байсан ОУВС-гийн хөтөлбөрийн зургаа дахь шатны үнэлгээг өнөө хүртэл эцэслээгүй байгаа. Тухайн үед ОУВС-гийн ажлын хэсгийнхэн манай улсад ажилласан боловч тус сангийн Захирлуудын зөвлөл нь Монголын асуудлыг хэлэлцэлгүй өнөөдрийг хүрсэн. Энэ нь манай Засгийн газрыг хангалтгүй ажилласан гэж үзэж буйтай холбоотой.
Тухайлбал, ОУВС-гийн Монголыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Жеофф Готтлиб өнгөрсөн онд “Монгол Улс ОУВС-гийн тавьсан хоёр шаардлагын алийг нь ч биелүүлээгүй учир дараагийн шатны санхүүжилт хойшилсон” хэмээн мэдэгдэж байв. Тэрбээр “2016 онд хүнд байдалд ороод байсан эдийн засаг үргэлжлэн сэргэж байгаа. Өсөлт найман хувь хүрээд зогсохгүй төсвийн орлого нэмэгдсэн. Зарлагадаа хяналт тавьснаар төсвийн алдагдал буурч байна. Мөн гадаад валютын нөөц дээшилж эхэллээ. Түүнчлэн дотоодын аж ахуйн нэгж, айл өрхүүдийн худалдан авалт сайжирсан. Нөхцөл байдал дээрдсэн гэж ойлгож болно. Гэхдээ хамгийн чухал нь эдийн засгийн эрсдлүүд хэвээр байгаа. Экспортын гол бүтээгдэхүүний үнэ унах эрсдлээс гадна төсвийн бодлогыг тэлэх вий гэсэн болгоомжлол байна. Төсвийн зарлага их гаргаж, өр нэмэгдсэнээр валютын ханшийн дарамт үүсэж болзошгүй” гэсэн.
Тэмээ хариулсан хүн буурныхаа занг андахгүй гэгчээр Монголын улстөрчид дөрвөн жил иргэдийнхээ бүсийг чангалж байж бий болгосон жаахан өсөлт, нөөцөө сонгуулийн жилд юу ч үгүй сэгсэрчихнэ гэдгийг ОУВС-гийнхан гадарлаж байсны илрэл нь Жеофф Готтлибын дээрх яриа. Одоо үйл явдал яг л түүний “зөгнөснөөр” үргэлжилж байна. Сонгуулийн жил сонгогчдодоо таалагдах гэсэн улстөрчид попорсоор төсвөө хоёр их наядын алдагдалтай баталсан. Зэс, нүүрс зэрэг гол түүхий эдийн үнэ, хэмжээг хэтэрхий өөдрөгөөр тооцоолсон. Зэсийн ханш унаж, нүүрсний экспорт зогссон энэ саруудад төсвийн алдагдал хэд болж нэмэгдсэнийг бурхан л мэдэж буй байх.
ОУВС-гаас манай мэтийн орнуудын Засгийн газар, Төвбанканд “Гадаад өрийн дарамт ихтэй улс орнууд гадаад зах зээлд гарч буй өөрчлөлтүүдийг анхааралтай ажиглаж бодлогоо уялдуулах, нөөц хуримтлуулах, эдийн засгийн огцом өөрчлөлтөд бэлэн байх, үүний тулд татаас, халамжийг оновчтой болгох, орлогын суурийг нэмэгдүүлэх нь зүйтэй” гэж зөвлөсөөр байгаа. Гэвч хэзээнээс хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж, адууныхаа хэрээр исгэрч мэддэггүй цээж өвчтэй улстөрчид сарын дараа болох УИХын сонгуульд зориулсан шоугаа хийж, өөд уруугүй баахан мөнгө тараахаар боллоо. Энэ нь 2016 оноос хойш ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаад жаахан гэрэл туссан эерэг үзүүлэлтүүдээ юу ч үгүй болгож орхих нөхцөлийг бүрдүүлж буй.
Үүнийг ОУВС-гийнхан таатай хүлээж авахгүй нь мэдээж. Энэ оны эхээр Тэтгэврийн зээл тэглэх шийдвэрийг УИХ-аас гаргахад Жеофф Готтлиб “Монгол Улсын Засгийн газар 2017 онд ОУВС-тай хийсэн гэрээгээ зөрчлөө. Тэтгэврийн зээлийг тэглэх тухай энэ шийдвэр нь 2017 онд ОУВС-гаас дэмжин баталсан эрх баригчдын хөтөлбөрийн зорилгод нийцэхгүй байна. Нийт ард иргэдийн нэгхэн хэсэгт туслах нэрийн доор авсан арга хэмжээ нь инфляцыг өдөөн, валютын ханшийг сулруулах шалтгаан болсон төдийгүй үүндээ Засгийн газар зөв хяналт тавьж чадах, эсэх нь санаа зовоосон асуудал боллоо. Энэхүү төсөлтэй холбоотойгоор ажлын хэсгээс тайлбар асуухад хэн ч хариу хэлсэнгүй” хэмээн мэдэгдсэн юм. Харин манай Засгийн газар, УИХ үүнээс хойш ОУВС-тай хийсэн гэрээгээ зөрчсөн олон шийдвэр гаргаад буй.
Одоо хөтөлбөрийн хугацаа дуусахад хэрхэн дүгнүүлэх вэ гэдэг хүндхэн асуудал эрх баригчид, Засгийн газрын өмнө тулгарч байгаа. Ядаж байхад сонгууль болох гэж байдаг, хөтөлбөр амжилтгүй хэрэгжсэн гэвэл Засгийн газар муу ажилласан болж таарна. Сайн хэрэгжсэн гэдэг үг ОУВС-гийнхны амнаас унахааргүй болсон. Засгийн газар, Төвбанк хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас хөтөлбөр өнгөрсөн жилээс хойш бараг зогсож, санхүүжилт нь гацаад буй. Хөтөлбөрийн анх тохирсон хэмжээг гүйцээж, хугацаандаа бүх санхүүжилтээ олгож чадахгүй нөхцөл байдал үүссэн.
Түүнээс гадна ойрын болон дунд хугацаанд хүлээгдэж буй өндөр дүнтэй гадаад өр төлбөр, түүний дахин санхүүжилтийн асуудал тулгарсан, ОУВС болон бусад доноруудын дэмжлэг гарцаагүй хэрэгтэй энэ үед Засгийн газарт нэг бол “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хугацааг сунгах, эсвэл шинээр өөр хөтөлбөр тохирох гэсэн хоёр сонголт тулгараад буй. Харин Засгийн газар хоёр дахийг нь сонгожээ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өчигдөр “Жеофф Готтлиб тэргүүтэй ОУВС-гийн ажлын хэсэгтэй цахим уулзалт хийлээ. Коронавирусийн цар тахлын эдийн засагт үзүүлж буй нөлөө, Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа эдийн засгийн багц арга хэмжээний талаар санал солилцов. ОУВС-гаас гишүүн орнууддаа КОВИД-19 цар тахалтай тэмцэх, эдийн засгаа сэргээхэд нь дэмжлэг үзүүлэх “Rapid Finance Instrument” буюу “Шуурхай санхүүжилт” хөтөлбөр хэрэгжүүлэн, санхүүгийн тусламж үзүүлэхээр болсон юм. Энэхүү хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэх, авах арга хэмжээний талаар тодорхой ярилцлаа” хэмээн цахим хуудсандаа мэдэгдсэн.
Эдийн засагчид “Эдийн засгийн хэт тэлэх бодлогыг дотоод, гадаад өрөөр санхүүжүүлж ирсэн бодлогын алдааг бид давтаж болохгүй. Энэ бодлого нь манай эдийн засгийг “Өртэй, эмзэг байдал өндөртэй” хэмээн тодорхойлогдоход хүргээд байна. Цаашдын эдийн засгийн хүндрэлийг өрөө нэмж бус, нөөц боломжоо дайчлан даван туулах учиртай” гэдэг ч ирэх Засгийн газар 2020-2024 онд төлөгдөх Засгийн газрын болон зарим нэг аж ахуйн нэгжийн өрийг дахин өрөөр санхүүжүүлэхээс өөр гарцгүй. Харин хэнд хандаж, хаанаас зээл олох вэ, ОУВС-гаас дахин гуйх нүүр бий юү гэдэг асуулт бидэнд тулгарна. Сангийн сайдын өчигдрийн мэдэгдэл үүнд хариулт өгөв.
Дайн, зэвсэгт мөргөлдөөн гарсан, эсвэл байгалийн гамшигт нэрвэгдсэн гишүүн улс орнуудынх нь төлбөр тэнцлийн баланс алдагдсан үед ОУВС уг хөтөлбөртөө хамруулдаг бөгөөд ядуурлыг бууруулах чиглэлд сайн ажилладаг, итгэл төрүүлэхүйц орнуудад боломж илүү байдаг аж. Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахалтай холбоотойгоор санхүүгийн “түргэн тусламж”ийн уг хөтөлбөрт хамрагдахаар 80 гаруй орон хүсэлт гаргасны нэг нь манайх аж.
А.Амина
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.