Афганистан улсын нийслэл Кабул хотын төрөх эмнэлэгт мягмар гарагийн өглөө зэвсэгтэй гурван этгээд халдаж, бөмбөг дэлбэлсэн билээ. Халдлагын улмаас 24 хүн нас барсны дараа эмнэлэгт дөнгөж төрсөн 18 нярай асран халамжлах хүнгүй үлджээ.
Нас барагсдын олонх нь дөнгөж амаржсан ээжүүд байгаа бөгөөд жирэмсэн эхчүүд болон эмнэлгийн ажилтнууд, шинээр мэндэлсэн нярай амиа алджээ.
Тус улсын Эрүүл мэндийн дэд сайд Вахид Мажрухын хэлснээр шинээр мэндэлсэн 18 нярайг Кабулын өөр нэг эмнэлэгт асран халамжилж байгаа ажээ. Дэд сайд төрөх өрөөний орон дээр хоёр эмэгтэй, эрчимт эмчилгээний тасагт нярайн инкубаторын дэргэд нэг эмэгтэй хүүхдээ аврахын тулд урдуур нь орж буудуулан нас барсан талаар хэлжээ.
Улс орон даяар мягмар гарагт болсон цуст халдлагын дараа ард иргэд сэтгэл санааны хүнд цочролд ороод байна. Жилдээ 5,400 нярай мэндэлдэг төрөх эмнэлэгт хандив цуглуулах аян эхэлжээ.
Нярай хүүхдүүдийг өөр эмнэлэгт асран халамжлахаас гадна тэдний төрсөн гэр бүлийг олж, төрөл төрөгсдийг нь зөв тогтоохын тулд ДНХ-ийн шинжилгээ хийсэн байна. Одоогоор амьд үлдсэн 14 нярайн гэр бүлийг олж тогтоожээ. Үлдсэн дөрвөн нярайн төрөл төрөгсдийг удахгүй тогтооно гэжээ.
Энэ зуур Афганистан улсад Ковид-19 цар тахлаар 5,000 гаруй хүн халдварлаж, 132 иргэн нас бараад байгаа тул халдварт вирусийн эсрэг шаргуу тэмцэж байна. Төрөх эмнэлгүүдийн нэгийг коронавирусийн халдварын төв болгон ашиглаж байгаа ажээ. Гэвч уг халдлага гарсны дараа төрөх эмнэлгийг буцаагаад зориулалтаар нь ашиглахыг шаардсан хөдөлгөөн өрнөж байна.
Мягмар гарагт гарсан өөр нэг халдлага нь Засгийн газрын төлөөлөгчид, өндөр дээд албан тушаалтнууд оролцсон оршуулгын арга хэмжээн дээр амиа золиослогч бөмбөг дэлбэлж нас барагсдын тоо 32 болон нэмэгдэж, 132 хүн гэмтэж шархаджээ.
Ерөнхийлөгч Ашраф Гани ар араасаа гарсан халдлагуудад Талибаны зэвсэгт бүлгийг буруутгаж, бүлэглэлийн эсрэг цэрэгжүүлсэн дайралт хийхийг тушаагаад байна.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ум ма ни бад ми хум