АНУ-ын албаны хүмүүсийн мэдээлснээр Ковид-19-ийн судалгааны чухал баримт материалуудыг хакердсан этгээдүүд БНХАУ-ын Засгийн газартай холбоотой болохыг тогтоосон гэжээ.
Холбооны мөрдөх товчоо Нэгдсэн улсын коронавирусийн урьдчилан сэргийлэх тарилга гаргаж авах болон эмчлэх судалгаа, туршилтын ажлуудыг хакердах оролдлого удаа дараа бүртгэгдсэн тухай мэдээлжээ.
Өнгөрсөн хугацаанд гарсан цахим халдлагыг Хятадын Засгийн газартай холбосоор ирсэн ч Бээжингийн зүгээс эрс үгүйсгэсээр ирсэн юм. Энэ удаад ч Америкийн Засгийн газар цахим халдлагад Бээжинг холбож байна.
Худалдааны дайнаас улбаалж зөрчил маргаан хурцдаад байсан хоёр улсын харилцааг Ковид-19 цар тахал улам муутгаж байна. Ухань хотоос гаралтай гэж үздэг шинэ төрлийн коронавирусээр Хятадад 4,600 орчим иргэн нас барсан бол Америкт 1,5 сая орчим иргэн халдварлаж 83,000 иргэнээ алдаад байгаа юм.
Халдвар илэрсэн цагаас Хятадын тал нууцлалгүй үнэн бодит мэдээллээр хангаж байсан бол дэлхийн нийтээрээ цар тахалд нэрвэгдэхгүй байсан гэж Нэгдсэн улс буруутгахаас гадна шүүх шатны байгууллагад зарга үүсгэж эхэлсэн.
Холбооны мөрдөх товчооноос гадна Цахим аюулгүй байдлыг хамгаалах агентлаг /Cisa/ ижил дүгнэлт үйлдээд байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.