Монгол Улсын Шүүхийн 2019 оны шүүн таслах ажиллагааны дүн мэдээ, шүүхийн ачааллын талаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээлэл хийж байна.
Монгол Улсын шүүх 2019 онд 51 тэрбум 12 сая төгрөгийн төсөв, бүх шатны шүүхийн 505 шүүгч, 1421 захиргааны ажилтны хүний нөөцөөр 86983 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн байна.
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нэг шүүгчид дунджаар 2019 онд 34.5 хэрэг тус тус ноогдож байна. Зарим хүнд гэмт хэргийн тоо өсжээ. Тухайлбал, залилах, хүчиндэх, дээрэмдэх гэмт хэрэг их хэмжээгээр өссөн дүнтэй байна. Хүчиндэх гэмт хэрэг 46 хэргээр буюу 16.3 хувиар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 95 хэргээр буюу 82.6 хувиар, залилах гэмт хэрэг 151 хэргээр буюу 33.3 хувиар өсжээ. Тэгвэл хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг 27 хэргээр буюу 7.7 хувиар буурсан байна.
Түүнчлэн урьд нь ял шийтгүүлсэн хүний тоо өссөн бол иргэний хэрэг 11.1 хувиар бууржээ.
Өнөөдрийн байдлаар давж заалдах шатны шүүхэд 11 хэргийг шийдвэрлээгүй хэргийг хянаж байгаа юм.
Монгол Улсын анхан шатны шүүхээс нийт 13011 хүн, 4 хуулийн этгээдэд ял шийтгэл оногдуулсан бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 5.2 хувиар өссөн үзүүлэлт юм.
Ял шийтгүүлсэн нийт 13011 хүнийг зарим бүлгээр авч үзвэл ял шийтгүүлсэн эмэгтэйчүүдийн тоо өмнөх оноос 68 хүн буюу 4.9 хувиар, урьд ял шийтгүүлсэн хүний тоо 391 буюу 15.0 хувиар, өсвөр насны хүний тоо 58 хүнээр буюу 19.2 хувиар тус тус өссөн байна. Мөн бүлэглэж үйлдсэн хүний тоо 9.9 хувиар, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн хүний тоо 11.9 хувиар тус тус буурчээ.
Ял шийтгүүлэгчдийн дотор 18-29 насны ял шийтгүүлэгчид 5444 байгаа нь нийт ял шийтгүүлэгчдийн 41.8 хувийг эзэлж байна.
Гэмт хэргийн улмаас 16520 хүн, 284 төрийн байгууллага, 99 компани, 2 хоршоо, 10 төрийн бус байгууллага хохирсон байна.