СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Цус ойртолт үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрчээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Монголчуудын мөхөл хаяанд ирж, хаалга, цонх тогшиж байна. Үүнийг нотлох ганцхан асуултыг эрхэм уншигч танаас асууя. Та өөрөөсөө дээш хэдэн үеэ мэдэх вэ. Аав, өвөө, элэнц, хуланц гээд хамгийн ихдээ дөрөв байна уу. Тэгвэл танд болоод таны үр удамд цус ойртох аюул ойрхон байна гэсэн үг. Үнэнийг хэлэхэд, Монгол Улсын хэмжээнд цус ойртолт аюулын харанга дэлдэх хэмжээнд хүрснийг эрдэмтэд төдийгүй хэвлэл мэдээллийн салбарынхан онцолдог ч энэ чиглэлд анхаарал сул байгааг өнөө хэр Засгийн газраас хийж, хэрэгжүүлж байгаа бодлого хангалтгүй байгаагаас харж болно.

Харин ч бүр энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээлэл өгөхгүй байх үүрэг, чиглэл өгсөн сураг дуулдана лээ. Цус ойртолтоос сэргийлэх нь аливаа улс гүрний төрийн бодлогод чухал байр суурь эзэлдэг. Тэр тусмаа цөөхөн хүн амтай Монгол Улсын хувьд энэ бол онцгой асуудал. Харамсалтай нь, манай төр бодлогын түвшинд төдийлэн сайн анхаарахгүй байна. Иймээс “Үндэсний шуудан” сонин цус ойртолт Монгол Улсын хэмжээнд ямар хэмжээнд хүрээд байгаа талаар цувралаар хүргэж эхэллээ.

Магадгүй уншигч та, ах, дүү, үеэлүүд суугаа л биз, ямар л хор хөнөөл учруулаа аж. Цөөхөн хэдхэн хүний асуудал мэтээр бодож болох юм. Тэгвэл цус ойртолт нэгэн үе удам, хаан угсааг хэрхэн мөхөлд хүргэснийг эрдэмтэд Хабсбургийн хаан угсааны жишээн дээр судлан тогтоожээ. Нэгэн цаг үед дэлхийг донсолгож явсан Европын хаан угсааныхан цусаа цэвэр, ариун байлгах, нөгөө талаас эд хөрөнгөө өөр удмын хүнд алдахгүй байхаас сэргийлж хоорондоо гэр бүл болдог байж. Хабсбургийн хаант засаглал 1500-1700 он хүртэл үргэлжилж, бараг 200-гаад жил хаан ширээ залгамжилжээ. Гэтэл хааны угсааны ураг төрлийн хүмүүс өөр хоорондоо гэрлэж, цус ойртолттой 11 гэрлэлтийн олонхыг үеэлүүд хоорондоо суусан тохиолдол эзэлж байв. Үүнээс болж Хабсбургийн хаан угсаа Чарльз-II гэх хаанаар төгсгөл болж, энэ хугацаанд цус ойртолтын коэффициент 10 дахин өсжээ. Хаан ширээг хамгийн сүүлд залгамжилсан Хабсбургийн угсааны сүүлийн хаан цус ойртолтын хамгийн том золиос нь болж, хоёр ч удаа гэрлэсэн боловч хүүхэдтэй болж чадсангүй. Ийн 39 насандаа буюу ид хийж бүтээх үедээ удамшлын хоёр төрлийн эмгэгээр зовж шаналж нас барснаар энэ удмынхны төгсгөл иржээ. 

ЭЛЭНЦ, ХУЛАНЦАА МЭДЭХГҮЙГЭЭС ГЭР БҮЛ БОЛОХ ТОХИОЛДОЛ ЭЛБЭГ БАЙНА

Цус ойртолт бол ханиад хүрээд 7-10 хоногийн дараа эдгэчихдэгтэй адил энгийн нэг өвчин биш. Хүн амын дунд олон жилийн турш чимээгүй тахал хэлбэрээр оршдог, үүсгэх хор хөнөөл нь үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдахаар том асуудал. Иймээс ч монголчууд эрт дээр үеэс ураг төрлийн хүрээнд цус ойртохоос сэргийлж, угийн бичиг хөтөлдөг, овог хэрэглэдэг, овог дотроо үлгэрлэх зарчмыг баримталдаг уламжлал, соёлтой байсан. Гэтэл 1925 онд Ардын Засгийн газраас тогтоол гарч, монгол хүн угийн бичиг хөтлөх, овог хэрэглэхийг хорьжээ.

Мөн хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд манай урдаа барьдаг сэхээтнүүд угийн бичиг хөтөлдөг байснаасаа болж, толгой дараалан хядуулсан сэртхийлгэм мэдээлэл байдаг. Энэ мэт шалтгаанаар монголчууд угийн овог хэрэглэхээ больж, угийн бичиг хөтлөлгүй бараг нэгэн зууныг элээгээд байна. Хэдийгээр сүүлийн жилүүдэд угийн бичиг сэргээх ажлууд хийгдэж байгаа ч төдий л үр дүнгээ өгөхгүй, байгаа онохгүй байна. Тухайлбал, 1997 онд Засгийн газраас тогтоол гаргаж, угийн овгийг сэргээж эхэлсэн. Ингэхдээ иргэний үнэмлэх дээрээ ургийн овгоо тэмдэглэж, хэрэв мэдэхгүй бол өөрийнхөө нэрээр шинэ овог авах боломжтой байдлаар зохицуулжээ. Гэтэл монголчуудын бараг 70-80 хувь нь боржигон буюу Чингис хааны удмынхан болоод хувирчихаж. Уг нь бол гэр бүл болох гэж байгаа хүмүүс угийн овгоо хараад нэг удмын хүн эсэхээ мэдэх боломжтой байдлаар үүнийг шийдэх ёстой байтал өдгөө эхнэр, нөхөр хоёр нэг угийн овогтой байх нь элбэг болсон.

Гэсэн атал ах, дүү хоёр өөр овогтой байх нь ч бий. Өөрөөр хэлбэл, иргэний үнэмлэх дээрх угийн овог юуг ч батлахгүй, нотлохгүй болсон гэсэн үг. Энэ нь цус ойртолтод нөлөөлөх хамгийн том шалтгаануудын нэг болжээ. Хүн амын дундах цус ойртолтын түвшинг судлахад тухайн хүн өөрөөсөө дээшээ 3-4 дэх үеэ мэдэхгүй, цусан төрлийн хамааралтай үр удмууд хоорондоо гэрлэж, гэр бүл болоход илэрдэг цус ойртолтын хэлбэр манайд илрээд байгааг эрдэмтэд онцолж байна. Өөрөөр хэлбэл, элэнц, хуланцаа мэдэхгүйгээс, нэг удмын хүмүүс хоорондоо гэр бүл болох нь элбэг байгаа гэнэ. Түүнчлэн өдрөөс өдөрт цус ойртолт нэмэгдэж байгаа юу гэхээс буураагүй гэдгийг энэ чиглэлд олон жил судалгаа хийсэн шинжлэх ухааны доктор, профессор, хүн судлаач Ж.Батсуурь хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ. 

Цус ойртолтыг шууд болон алсуур гэж ангилдаг. Шууд нь цусан төрлийн хамаатай хүмүүс хоорондоо гэрлэх, алсуур нь нэг нутаг усны, ойр амьдардаг хүмүүс олон үеэрээ хоорондоо гэрлэхийг хэлнэ. Монголчууд бид угийн бичгээ хөтлөхөө больсноор гурав, дөрөв дэх үедээ цусан төрлийн холбоотой хүмүүстэйгээ гэр бүл болж, удмын сангаа үгүй хийгээд зогсохгүй үндэсний аюулгүй байдал хийгээд хүн амын удмын сангийн аюулгүй байдалд харанга дэлдсэн үзүүлэлт болоод байгаа нь судалгаагаар нотлогджээ. Хүн амын генетикийн тооцооллын аргаар аймаг бүрийн хүн амын цус ойртолтын коэффициентийг тооцоолжээ. Ингэхэд гэнэ. Түүнчлэн Монгол орны хойноос өргөргийн дагуу урагшлах тутам хүн ам дахь цус ойртолтын түвшин ихэсдэг зүй тогтол илэрчээ. Монголын хүн амын дотор нийт цус ойртолтын коэффициент 0.0223–0.1105-ын хооронд хэлбэлзэж, дундаж нь 0.0651 байгаа аж. Энэ нь нэг баг, сум, аймгийн хүмүүс хоорондоо генийн (удмын) сангийнхаа 2.23-11.05 хувь, дунджаар 6.51 хувиар цусан төрлийн холбоотой болсныг гэрчилж буй хэрэг юм байна.  

аж. Хүн ам дахь цус ойртолт нэмэгдэх тусам өвчлөл нэмэгдэж, өвчин эсэргүүцэх чадвар суларна. Нөгөө талаас юуны хөгжлийн чадавх доройтдог байна. Дээрх хоёр хүчин зүйл бол цус ойртолтын хамгийн ноцтой үр дагавар. Мөн хорт хавдраар өвчлөх нь ч элбэгшдэг гэнэ. Нэг ёсондоо бие мах бодийн дархлаа, дасан зохицох чадвар сул байдаг. Гаднаас нь харахад цовоо сэргэлэн, эрүүл саруул мөртлөө оюуны чадавх сул хүүхдүүд цус ойртолтын илрэл байж болох аж. Сумын дунд сургуулийн багш нараас судалгаа авахад нэг ангид дор хаяж 8-10 хүүхэд ойлгох, тогтоох, бичих чадвар сул байгааг ярьжээ. Гаднаас нь харахад сэргэлэн цовоо, эрүүл саруул мөртлөө энгийн, наад захын зүйлийн логик учир холбогдлыг тайлбарлаад ойлгохгүй, сурахгүй хүүхэд олон байдаг гэнэ. Ийм зүйл эрс нэмэгдэж байгаа талаар багш нар ярьсныг энэ чиглэлд олон жил судалгаа хийж байгаа эрдэмтэд онцолж, энэ нь цус ойртолт их байгаад анхаарал хандуулах цаг болсныг илтгэж байна. 

ЦУС ОЙРТОЛТГҮЙ АЙМАГ АЛГА

Хүнийг хараад эсвэл гэр бүл болж байгаа хоёроос цусны шинжилгээ аваад цус ойртолттой гэдгийг тогтоох боломжгүй. Илэрхий оюуны хомсдолтой, нус, шүлсээ гоожуулсан хүмүүсийг хараад цус ойртсон байж магадгүй гэж таамаглахаас өөрөөр хувь хүн дээр хэлэх аргагүй гэнэ. Хүн амын яг хэдэн хувь нь цус ойртсон байна вэ гэдгийг Монголын айл өрх, хүн амаас нэг бүрчлэн асууж, тогтоох боломжгүй. Учир нь, өрхийн тэргүүн, гэрийн эзэгтэй хоёр өөрөөсөө дээш гурван үеэс цааш мэддэггүй. Иймээс үүнийг ген судлалын аргаар, генийн тархалтын хуулиар судалж гаргадаг байна. Шинжлэх ухааны доктор, профессор, хүн судлаач Ж.Батсуурь 1980 оноос энэ аргаар монгол хүний генийг судалж байгаа.

Тэрбээр “Баттай хэлэхэд, Монголын бүх сум, аймагт цус ойртолт байна. . Энэ чинь л цус ойртолтын эмгэнэл шүү дээ. Тиймээс хүн амын генетикийн тооцооллын аргыг хэрэглэж цус ойртолтын түвшинг судалсан. Энэ судалгааг хийхэд хүн судлаач эрдэмтэд 30 гаруй жилийн хөдөлмөрөө зарцуулсан. Энэхүү судалгаанд үндэслэн үндэсний хэмжээнд 11 системийн 340 гаруй генээр удамшлын тархалтыг гаргаж ирсэн. Олон жилийн судалгааг үндэсний хэмжээний генийн газар зүйн мэдээлэлд тулгуурлаж хийсэн. Олон улсад цус ойртолтыг хэмждэг F коэффициент гэж бий. Хэрвээ F коэффициент 0-тэй тэнцүү байвал тухайн хүн амын дунд цус ойртолт байхгүй байна гэж үздэг. Харин 0-ээс ялгаатай нэг рүү дөхвөл цус ойртолт байна гэсэн үг. Энэ аргаар Монгол Улсын аймаг болгонд тооцоолол хийж үзэхэд F коэффициент 0-тэй тэнцэж байгаа аймаг нэг ч байгаагүй, бүгд 0-ээс ялгаатай байсан. Өөрөөр хэлбэл, аймаг болгон цус ойртолттой байна гэсэн үг” хэмээн цус ойртолтын нөхцөл байдлыг онцолсон байна.

ЦУС ОЙРТОЛТ НЭМЭГДЭХ ТУСАМ СОГОГ, ГАЖИГТАЙ ТӨРӨХ ХҮҮХДИЙН ТОО ӨСДӨГ

Цус ойртолтыг бүр энгийнээр тайлбарлавал, хүн болгоны генийн санд нөхцөл нь бүрдэхээрээ өвчин болдог муу шинжийн генүүд хэдэн арваараа байдаг аж. Хэрвээ тухайн хүн цус ойртсон гэрлэлт болохгүй болбол насан туршдаа муу генүүд нуугдмал байна. Харин цус ойртсон гэрлэлтийн үед муу, нуугдмал байсан генүүд нь хоорондоо ижилсэж, гадна талдаа илрэх нөхцөл бүрддэг гэсэн үг. Энэ тохиолдолд төрөл бүрийн өвчин, согогтой, оюуны хомсдолтой хүүхэд төрдөг. Цус ойртохын хэрээр хүн амын оюуны чадавх буурч, оюуны хомсдолтой хүүхдийн тоо өсдөг байна.

Цус ойртолттой гэр бүлээс төрсөн хүүхдийн бие бялдрын хөгжил давжаа, аливаа өвчнийг эсэргүүцэх биеийн дархлаа сулардаг гэдгийг шинжлэх ухаан ч нотолжээ. Сүүлийн үед монголчуудын дунд энэ шинж тэмдгүүд тод илэрч байгаа гэнэ. Ялангуяа төрөлхийн согогтой хүүхэд олноор төрөх болжээ. Бүх аймаг, нийслэлд согог, гажигтай хүүхэд төрж байгаагийн цаана нөлөөлж байгаа нэг дэвсгэр хүчин зүйл нь энэ юм. Гажиг болон согогтой төрөлт цус ойртолтой холбоотой эсэхийг судалжээ. Ингэхэд Монгол Улсын бүх нутаг дэвсгэрт цус ойртолт нэмэгдэх тусам төрөлхийн согог, гажигтай төрөх хүүхдийн тоо өсөж байжээ. Статистик тоо баримт ч үүнийг нотолж байгааг эрдэмтэд хэлж байна. Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн бүрэн бус мэдээллээр гэсэн судалгаа гарсан. Өөрөөр хэлбэл, шинээр төрж байгаа хүүхдүүдийн 0.8 хувийг гажигтай, согогтой хүүхэд эзэлж байна. Сүүлийн жилүүдэд энэ тоо эрс өсөх болжээ.

Үргэлжлэл бий...

Э.Эрдэнэцэцэг

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.