Иргэн Г.Нямдаржаа нийслэлийн засаг дарга С.Амарсайхан, орлогч дарга Ж.Батбаясгалан болон "Богда Холдинг" ХХК-ийн захирал Х.Идэнбаяр нарыг АТГ-т шалгуулахаар болсон талаараа мэдээлэл хийж байна.
"БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Богда Холдинг” ХХК 2000 онд Богд-Ар хорооллыг 640 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг, хорооны байр, өрхийн эмнэлэг барина гэсэн төлөвлөгөөтэйгээр ажлаа эхлүүлсэн боловч орон сууцнуудаа бариад байснаас биш сургууль цэцэрлэг эмнэлгийг огт бариагүй. Иймд оршин суугчид хамтран тэмцсэний эцэст 2008 онд 940 хүүхдийн сургууль бариулахаар болж, уг цогцолборыг барих 3500 мкв газрын гэрчилгээ болон бусад холбогдох шийдвэрүүдийг Нийслэлийн Засаг даргаар гаргуулж байсан.
Гэвч “Богда Холдинг” ХХК-ийн захирал Х.Идэнбаяр Нийслэлийн газрын алба болон бусад холбогдох хүмүүст шахалт үзүүлсээр байгаад сургууль цэцэрлэгийн цогцолбор барих зориулалттай 3500 мкв газрын гэрчилгээг хүчингүй болгуулсан байна. Энэхүү хууль бус ажилдаа НИТХ-ын төлөөлөгчид, төрийн холбогдох албан тушаалтнуудыг оролцуулсан байж болзошгүй байна.
ЗГХЭГ-аас Богд-Ар хороололд сургууль цэцэрлэг барих ажлыг шийдэж өг гэж удаа дараа шийдвэр гаргасан боловч Нийслэлийн Засаг дарга, Газрын алба, Ерөнхий төлөвлөгөөний газар нь шийдэхгүй байсаар байгаад өнөөдрийг хүрлээ" хэмээн өнгөрсөн жил иргэн Г.Нямдаржаа хэвлэлийн бага хурал хийж байхдаа мэдээлж байжээ. Түүний хувьд сургууль, цэцэрлэгийн зориулалттай газрыг хоёр хувааж, үйлчилгээний зориулалттай төв байгуулах гэж буйг эсэргүүцэж байгаа юм.
Тэгвэл уг хэрэг явдал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй өнөөдрийг хүрсэн тул дээрх хүмүүсийг АТГ-т шалгуулахаар болжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.