Сэтгүүлч, яруу найрагч Д.Дамдинжавын “Гол тоглогч” номын гурав дахь цуврал “Шинэ үеийн гол тоглогч” нэртэйгээр хэвлэгдэж байна. “Хожлын хорин бэрс” нэртэйгээр хэвлэгдэж буй энэхүү бүтээл нь “Гол тоглогч” номын гурав дахь цуврал болж гарч байгаа ч агуулга, зорилгын хувьд өмнөх хоёр дэвтрээсээ өөр болжээ.
Өмнөх хоёр дэвтэртээ өнгөрсөн 30 жилийн хугацаанд улс орныг удирдахдаа уналт, завхрал, ухралт руу хөтөлсөн улстөрчдийг шүүмжлэн бичсэн бол энэ удаа ирээдүйд Монголын улс төр, нийгэм, бизнесийн салбарт гол нөлөө үзүүлэх итгэл найдвар бүхий 20 хүнийг сонгон авч, үйл хэрэг, үзэл бодлыг нь сэтгүүлчийн өнцгөөс дүгнэн хөрөглөсөн байна.
Улс төрийг уран зохиолын илэрхийллийн аргаар уншигчдад тун сонирхолтой байдлаар хүргэдэг сэтгүүлч Д.Дамдинжав энэхүү номоороо Монголын нийгэм, улс төрийн салбарт үе солигдох цаг болсныг илтгэн харуулахыг зорьжээ. Зохиолч, сэтгүүлч До.Цэнджав номын өмнөтгөлд “Уг нь үхээнц улстөрчийг зэвэрсэн хүрз мэт хаяж байх ёстой” гэж бичжээ.
Хэвлэгдсэн даруйдаа худалдаалагдаж дууссан "Гол тоглогч – 1, 2" номонд Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр, У.Хүрэлсүх, З.Энхболд, Ц.Нямдорж, Санжийн Баяр, Миеэгомбын Энхболд, Эрдэнийн Бат-Үүл, Бямбаагийн Нямтайшир, “MCS”-ийн Ж.Оджаргал зэрэг улс төр, нийгмийн гол зүтгэлтний талаар ёгт егөө хэлбэрээр өгүүлсэн байдаг.
Тэгвэл “Шинэ үеийн гол тоглогч” номонд ямар ямар эрхмүүд багтсан болохыг та энэхүү номноос унших болно. "Гол тоглогч" номын нээлт энэ сарын 13-нд 14:00 цагаас Интерномд болно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.