Японы мэргэжлийн сүмо бөхийн Санданме буюу дөрөвдүгээр зиндааны сүмоч, 28 настай Шобуши коронавирусийн хүндрэлийн улмаас өнөөдөр өглөө нас барсныг Японы Сүмогийн холбооноос мэдээллээ.
Шобуши 2007 онд анх “Такадагава” дэвжээнээс мэргэжлийн сүмочийн замаа эхлүүлэн, Санданме зиндааны 11-рт бичигдэж байжээ. Жинхэнэ нэр нь Киётака Сүэтакэ байсан тэрээр уг тахал өвчнөөр нас барсан анхны сүмо бөх болж байна. Мөн тэрээр Япон улсад вирусийн улмаас амиа алдсан анхны 20-иод настанд тооцогдож байна.
Яманаши мужийн уугуул Шобуши дөрөвдүгээр сарын 10-нд коронавирусийн шинжилгээгээр “эерэг” хариу авснаар энэхүү тахлаар өвчилсөн анхны сүмоч болоод байсан. Сүмогийн холбооноос мэдээлснээр түүний биеийн байдал дөрөвдүгээр сарын 19-нд муудаж, Токиогийн эмнэлэгт эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байжээ.
Мөн коронавирустэй нь тогтоогдсон “Такадагава” дэвжээний хэд хэдэн сүмоч аль хэдийн эдгэрэн, эмнэлгээс гараад байсан юм.
"Түүнд ямар хэцүү байсныг төсөөлшгүй. Бүтэн сарын турш өвчинтэй тэмцэж байсан. Гэхдээ тэр бөх хүний нэгэн адил энэ бүхнийг зоригтойгоор туулж, эцсээ хүртэл тулалдсан" хэмээн Японы Сүмогийн холбооны тэргүүн Хаккакү хэлэв.
Эх сурвалж: Mainichi
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.