Өмнөд Солонгосын Пүсан хотын боомтын удирдлагууд 2.8 тэрбум вон үнийн дүнтэй тэнцэх 640,000 орчим хууль бус тамхийг /төрөл бүрийн "Эссе" тамхи/ хураан авч, устгалд оруулсан талаар өнөөдөр мэдэгдлээ.
Пүсан хотын Гаалийн газрын мэдээлснээр Өмнөд Солонгост үйлдвэрлэн, Зүүн өмнөд Азийн орнууд руу экспортолсон эдгээр 640,000 тамхийг буцаан хууль бусаар хил нэвтрүүлсэн сэжигтнийг баривчлан, прокурорт шилжүүлсэн байна.
Сэжигтэн тамхийг Вьетнам, Тайландаас худалдан аваад Камбож руу ачуулжээ. Үүний дараагаар тэрээр тамхийг тансаг аяллын цүнх гэсэн нэрэн дор Пүсанаар дамжуулан Хятад руу ачих гэж байж.
Боомтын мэргэжилтнүүд түүнийг Пүсан хотын нэгэн нууц агуулахад тамхинуудыг аяллын цүнх болгон хувиргаж байхад нь баривчилжээ. Өмнө нь тус хотын боомтод ийм их хэмжээний хууль бус тамхи илэрч байгаагүй аж.
Албаныхан сэжигтний хамсаатныг одоогоор эрэн сурвалжилж байгаа бөгөөд тэд дотоодын болон экспортын үнийн зөрүүг ашиглан ихээхэн мөнгө завших гэж байсан гэж үзэж байна.
Хэрэв тэдний ажиллагаа амжилттай болсон бол сэжигтнүүд 500 сая воны хууль бус ашиг халааслан, Өмнөд Солонгосын эрдэнэсийн сан 2.1 тэрбум вон хохирол амсах байжээ.
Эх сурвалж: The Korea Times
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.