Өнгөрөгч даваа гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин коронавирустэй холбоотой ээлжит мэдэгдлээ хийв. Энэ үеэр тэрээр цар тахлын үед хүн ам, аж ахуйн нэгжүүдийг дэмжих шинэ арга хэмжээнүүдийг танилцуулсан бөгөөд үүний хүрээнд 800 орчим тэрбум рубль буюу 10.87 тэрбум ам.долларын тусламжийн багцыг зарлалаа.
Хүүхэдтэй гэр бүлүүдийн тусламжийн багцад өөрчлөлт гаран ажилгүй эцэг эхчүүдийн авдаг хүүхдийн асрамжийн доод хэмжээ хоёр дахин нэмэгдэж 6,751 рубль болжээ. Түүнчлэн гурав хүртэлх насны хүүхэдтэй гэр бүл гурван сарын турш 5000 рубль (68 ам.доллар) авах бол ирэх сарын 1-нээс эхлэн 3-15 насны хүүхэд бүр 10,000 рубль (135.92 ам.доллар) авах аж. Эдгээр тэтгэмжид бүх гэр бүлүүд хамрагдах боломжтой гэнэ.
Ерөнхийлөгч Путин мөн халдварын тархалтын эсрэг тавиад байсан хязгаарлалтуудыг цуцалж эхлэх болсныг мэдэгдэв. Тэрээр “Тавдугаар сарын 12-ноос эхлэн эдийн засгийг бүхэлд нь хамарсан ажилгүй байдал дуусах болно, гэхдээ тахал өвчний эсрэг тэмцэл дуусаагүй байна” гэжээ. Харин хязгаарлалтын дэглэмүүд 65-аас дээш насны болон архаг өвчтэй хүмүүст үйлчилсэн хэвээр байна гэв.
Тэрээр үргэлжлүүлэн “Бүс нутгийн удирдагчид хязгаарлалтыг хэрхэн, ямар байдлаар цуцлах талаар шийдвэр гаргана. Тавдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн барилга байгууламж, байгалийн баялаг олборлолт зэрэг эдийн засгийн чухал салбаруудын аж ахуйн нэгжүүдийн ажлыг эхлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. ОХУ-ын ажилгүй өдрүүд дууслаа” гэжээ.
Эх сурвалж: Meduza
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.