Дэлхий дээр коронавирусийн халдварын 4,3 сая тохиолдол бүртгэгдэж, 292,000 иргэн нас бараад байна. АНУ-д халдварын 1,4 сая тохиолдол илэрч, 83,000 гаруй иргэн нас барснаар тэргүүлж байгаа бол ОХУ жагсаалтын гуравдугаарт орж ирлээ.
Одоогийн байдлаар хойд хөршид коронавирусийн 232,243 тохиолдол бүртгэгдэж 2,000 гаруй иргэн нас баржээ. Халдварын тохиолдол 10 дахь хоногтоо дараалан 10,000-аас илүү тоогоор нэмэгдсэн байна.
Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков коронавирусээр халдварлаж эмнэлэгт хэвтжээ. Тэрээр Ерөнхий сайд Михайл Мишустин коронавирусээр өвчилсний дараа халдвар илэрсэн төрийн өндөр дээд албан тушаалтнаар нэрлэгдэж байна.
Хэдийгээр хойд хөршид коронавирусийн халдвар хэдэн арван мянгаар нэмэгдсээр байгаа ч зургаан долоо хоногийн турш үргэлжилсэн хорио цээрийг мягмар гарагаас эхлэн суллаж аж үйлдвэр, барилгын ажилтнууд ажилдаа эргэн орсныг Ерөнхийлөгч Путин мэдэгдсэн билээ.
Олон зуун мянган хүн вирусээр халдварласан ч бусад орнуудтай харьцуулахад цөөн иргэн нас барсан нь эрт үеийн илрүүлэг оношлогооны үр дүн гэж Оросын Засгийн газрын мэргэжилтнүүд тайлбарлаж байна.
Энэ хооронд Санкт-Петербургийн эрчимт эмчилгээний байранд гарсан галыг унтраасан байна. Галын улмаас коронавирустэй таван өвчтөн амиа алдаж, 150 хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.