СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

М.Энхсайханы өмгөөлөгч Д.Оросоо: Төрийн бодлого боловсруулаад, тэр нь хэрэгжээгүй байхад гэмт хэрэгт тооцож болохгүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

 Монгол Улсын Сайд, Засгийн газрын гишүүн асан М.Энхсайханд холбогдох шүүх хурал гурван өдөр үргэлжилж, түүний нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилээр хасаж, 4.6 жилийн хорих ял оноосон юм. Түүний өмгөөлөгч Д.Оросоотой ярилцлаа. 

-Хоёулаа М.Энхсайхан гуайд оноосон ял, буруутай гэж үзсэн зүйл, заалтаас яриагаа эхэлье. Та шүүх хурлыг хэр шударга болсон гэж үзэж байна вэ?

-Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн гол үндэслэл нь Монгол Улсын Ерөнхий сайд Сайханбилэгээс 2015 оны дөрөвдүгээр сарын 23-нд 1/72 дугаартай албан бичгээр тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболдын нэрээр “Тавантолгойн” нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн гэх үйлдэл. Энэ үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэг үзэж, ялласан.

Мөн яг энэ үйлдэлд хүн амын амьдралыг хангах үйл ажиллагааг доголдуулж, хорлон сүйтгэхийг завдсан үйлдлийг Ц.Элбэгдоржийн дэмжлэгтэйгээр гүйцэтгэсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар давхар ялласан. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн тогтоолын төсөлтэй холбоотой асуудлыг нэг талаас нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэж зүйлчилж, нөгөө талаас нь хорлон сүйтгэхийг завдсан гэж давхар яллаж байгаа юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3-д нэг гэмт хэрэгт нэг л удаа ял ногдуулна гэсэн үндсэн зарчим байдаг. 

Тэгэхээр нэг үйлдэлд хоёр удаа яллаж байна гэсэн үг. Анхан шатны шүүхээс хорлон сүйтгэх гэсэн 19.6 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан гэмт хэргийг тусгаарлаж, прокурорт буцаасан. Харин тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн, мөн автомашиныг зах зээлээс өндөр үнээр худалдаж авсан гэх үйлдэлд ял өгсөн. 

Хэргийг үйлдсэн цаг хугацаа хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой. Автомашинтай холбоотой асуудал 2013 оны тавдугаар сарын 18-нд болсон байдаг. Тавантолгойн төсөлтэй холбоотой хэрэг нь 2015 оны дөрөвдүгээр сарын 23-нд болсон. Тухайн үед 2002 оны “Эрүүгийн хууль үйлчилж байсан учраас энэ хуулийг хэрэглэх ёстой. Гэтэл 2015 онд баталсан шинэ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Энэ хуулийн 1.8-д Эрүүгийн хариуцлагыг тухайн гэмт хэрэг үйлдэхэд дагаж мөрдөж, байсан хуулиар тодорхойлно гэж заасан. Тэгэхээр манай үйлчлүүлэгчтэй холбоотой асуудалд 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх ёстой.

Энэ Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлд төрийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд үлэмж их хэмжээний хохирол учруулсан, давтан үйлдсэн бол гэмт хэрэгт тооцдог. УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлсэн хэрэгт хохирогч, хохирлын аль алин нь байхгүй. 2002 оны Эрүүгийн хуулиар албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах гэмт хэрэгт хохирол шаарддаг, материаллаг бүрэлдэхүүнтэй байсан. Харин 2015 оны Эрүүгийн хуулиар хохирол шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй болсон. Манай үйлчүүлэгчийг буруутгаж буй энэ үйлдэл 2002 оны Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцогдохгүй. Иймд тухайн үед үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх, мөн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх ёстой юм.

Ч.САЙХАНБИЛЭГИЙН ХИЙСЭН ҮЙЛДЭЛД М.ЭНХСАЙХАНЫГ БУРУУТГААД БАЙГАА

-Энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үү?

-Эрүүгийн хуульд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй гэсэн байдаг. Гэтэл машинтай холбоотой хэрэг 2013 оны тавдугаар сард, Тавантолгойн гэрээтэй холбоотой төсөл 2015 оны дөрөвдүгээр сард болсон. Энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа таван жил. Өөрөөр хэлбэл, аль алиных нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан. 

М.Энхсайханыг УИХ-ын тогтоолын төсөл өргөн барьсан гэж буруутгаад байгаа. Гэтэл Засгийн газрын нэг гишүүн УИХ-д тогтоолын төсөл өргөн мэдүүлэх эрхгүй. Үндсэн хуульд заасан эрхийнхээ дагуу Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тухайн өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Ч.Сайханбилэг гэж хүний хийсэн үйлдэлд М.Энхсайхан гэдэг хүнийг буруутгаад байгаа. Тэгэхээр энэ үйлдлийг гэмт хэрэг гэж үзэх юм бол тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гэж хүнээс мэдүүлэг авах, шалгах ёстой. Мөн Засгийн газраас өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хүлээн авсан тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд гэж хүнээс мэдүүлэг аваагүй.

Эрүүгийн хуульд прокурорын яллаад байгаа шиг хүн амын амьдралыг хангах үйл ажиллагааг доголдуулж, хорлон сүйтгэхийг завдсан гэсэн зүйл байхгүй. Харин хуульд зааснаар батлан хамгаалах барилга, байгууламж, зам, мэдээлэл холбооны хэрэгсэл, үндэсний аюулгүй байдлын түвшний мэдээллийн сан, архив, хүн амын амьдралыг хангах обьект, байгууламжид халдаж байгаа үйлдэл нь хорлон сүйтгэх үйл ажиллагаанд орно. 

Аль алинаас нь мэдүүлэг авахгүй байгаа нь мөрдөн байцаах үйл ажиллагаа зөвхөн яллах нэг талыг баримталж байгааг харуулж байна. Тавантолгойн төслийг гэмт хэрэг гэж үзэх юм бол шинжээчийн дүгнэлтээр Монгол Улсад ямар нэгэн давуу тал, ашигтай тал тогтоогдохгүй. Гэтэл шинжээчийн 2019 оны аравдугаар сарын 19-ний дахин дүгнэлтээр “Төсөл хэрэгжсэн бол Тавантолгойн уурхайгаас жилд 30 сая тонн нүүрс олборлож, боловсруулаад, төмөр замаар бүтээгдэхүүнээ экспортолбол тээвэрлэх өртөг, зардал буурна. Хоёр болон түүнээс дээш борлуулалтын замтай болсноор нэг улсаас үнийн хараат байдал багасна” гэх мэтчилэн 10 гаруй давуу талыг дурдсан.

Энэ бол уг асуудал гэмт хэргийн шинжгүй, бусдад хууль бусаар давуу байдал бий болгоогүй, улс, үндэсний ашиг сонирхлын эсрэг үйлдэл хийгээгүй гэдгийг нотолж байна. Мөн шинжээч нар “Огт хэрэгжээгүй, байгуулагдаагүй, Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эдийн засагт ноцтой хохирол учруулаагүй төслийн баримт бичгийн ирээдүйд олох боломжтой эдийн засгийн үр өгөөжийг тооцон гаргах нь үндэслэл муутай, нотлох боломжгүй” гэж дүгнэсэн. 

-Ч.Сайханбилэг, З.Энхболдоос яагаад мэдүүлэг авахгүй байгаа вэ?

-Шүүхэд бид хэргийг прокурорт буцааж, гэрч нараас мэдүүлэг авах үндэслэл, хүсэлтийг удаа дараа тавьсан ч хүлээж аваагүй. 

-Хорлон сүйтгэхийг завдсан үйлдлийг Ц.Элбэгдоржийн дэмжлэгтэйгээр гүйцэтгэсэн гээд байгаа. Энэ хорлон сүйтгэхийг завдсан гэж ямар үйлдлийг хэлээд байна вэ?

 -Тогтоолын төсөл өргөн мэдүүлсэн нь хорлон сүйтгэх үйл ажиллагаа гэдэгт хамаарч байгаа. 

-Гэхдээ энэ тогтоолын төсөл хэрэгжээгүй гэдэг биз дээ?

-Тийм, хэрэгжээгүй төсөл. Мөн Эрүүгийн хуульд прокурорын яллаад байгаа шиг хүн амын амьдралыг хангах үйл ажиллагааг доголдуулж, хорлон сүйтгэхийг завдсан гэсэн зүйл байхгүй. Харин хуульд зааснаар батлан хамгаалах барилга, байгууламж, зам, мэдээлэл холбооны хэрэгсэл, үндэсний аюулгүй байдлын түвшний мэдээллийн сан, архив, хүн амын амьдралыг хангах обьект, байгууламжид халдаж байгаа үйлдэл нь хорлон сүйтгэх үйл ажиллагаанд орно.

Эдгээр объектыг сүйтгэсэн, гэмтээсэн, үйл ажиллагааг нь доголдуулсан бол гэмт хэрэгт тооцно. Прокурорын яллах дүгнэлтэд тэр объект нь байхгүй. Засгийн газрын 2013 оны 91 дүгээр тогтоолоор Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад байх онцгой ач холбогдол бүхий объектын жагсаалтыг баталсан. Гэтэл прокурор аль объектод халдахаар завдсаныг тодорхойлоогүй.

ТӨРИЙН БОДЛОГЫГ ЭРҮҮГИЙН ХУУЛИАР ШҮҮЖ БОЛОХГҮЙ

-М.Энхсайханыг төслийн захирлаар ажиллаж байхдаа төрсөн дүүгээсээ “Лексус 570” маркийн автомашиныг зах зээлийн үнээс өндөр үнээр авсан гэж ялласан байсан?

-Шинжээч алдаатай дүгнэлт гаргасан гэж үзэж байна. “Лексус 570” маркийн автомашиныг 130 сая төгрөгөөр буюу тухайн үеийн зах зээлийн ханшнаас 55 сая төгрөгөөр илүү үнээр худалдаж авч, Эрчим хүчний яаманд 130 сая төгрөгийн хохирол учруулсан гэж яллаж байгаа. Мөн прокурорын яллах дүгнэлт ч үндэслэлгүй юм. 55 сая төгрөгөөр илүү үнээр худалдаж авсан гэж ял өгсөн. Шинжээчийн дүгнэлтэд автомашины үйлдвэрлэсэн, Монголд орж ирсэн он, км-ийн заалт гол нөлөөтэй. Шинжээч 2019 оны есдүгээр сард үнэлгээ хийхдээ “Лексус 570” маркийн автомашины гүйлтийн заалтыг 120150 км гэж үзэж, дүгнэлт гаргасан.

Гэтэл энэ машины гүйлт нь км-ээр бус, миль гэдэг хэмжигдэхүүнээр явдаг. Гэтэл шинжээч милийг км-т шилжүүлэхгүйгээр шууд км-ээр тооцож алдаа гаргасан.Уг автомашин 2019 онд 120150 миль буюу 192240 км явсан байсан гэсэн үг. Гэтэл дүгнэлт хийхдээ 2019 оны биш, 2013 оны гүйлтийг гол үндэслэл болгох ёстой. Энэ автомашины жолооч гэрчийн мэдүүлэг өгөхдөө “2013 онд уг машины гүйлт 13000 миль буюу 20800 км байсан” гэсэн байдаг. Энэ хоёрын хооронд 170 мянган км-ийн зөрүү гарч байгаа юм. Ийм зөрүүгээр машины үнэлгээ илт буурах нь ойлгомжтой. Иймд машины үнэлгээг 2013 оны км-ийн заалтаар дахин тогтоох, дахин шинжилгээ хийх шаардлагатай. 

-Мөн М.Энхсайханыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, “Шинхуа Энержи, Энержи Ресурс болон Сумитомо корпорац”-ын түншлэлд эдийн засгийн давуу байдал бий болгосон гэсэн нь хэр үндэслэлтэй вэ?

-Бид Хятадын “Шинхуа”, Японы “Сумитомо” гэх байгууллагын албан тушаалтнуудаас ямар байдлаар давуу тал олсон талаар мэдүүлэг авах хүсэлт гаргасан юм. Гэтэл тодруулж асуухгүйгээр, давуу байдал олгосон гээд прокурор нэг талыг барьж яллах дүгнэлт үйлдсэн.

-Энэ компаниуд төсөлд ямар үүрэгтэй оролцох байсан бэ?

-Төслийн сонгон шалгаруулалтаар энэ компаниуд шалгарч, гэрээ байгуулах тухай асуудал ярьж байсан. Гэхдээ гэрээ байгуулаагүй. 

-М.Энхсайхан гуай хоригдоод 20 орчим хонож байна. Та хамгийн сүүлд хэзээ уулзав, биеийн байдал нь ямар байна вэ?

-Байнга холбоотой байгаа. Өмгөөлөгч нар ээлжээр очиж, биеийн байдал болоод хэргийн талаар зөвлөлдөж байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, давж заалдахаар бэлтгэж байна. 

-Шүүх шударга бус шийдвэр гаргаж байгааг та юу гэж харж байна вэ. Хүмүүс бол үүний ард эрх мэдэлтэн, тэр дундаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, мөн З.Энхболд байгаа гэж хардаж байна?

-Энэ хэрэг бол олон нийтийн анхаарлыг татсан эрх зүй, улс төрийн үйл явдал. Улстөрчид янз бүрийн байр суурьтай байгаа. Төрийн бодлого боловсруулаад, тэр нь хэрэгжээгүй байхад хэн нэгнийг гэмт хэрэг үйлдсэн, хорлон сүйтгэхийг завдсан гэж яллаж болохгүй. Тэр тусмаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хорлон сүйтгэх үйл ажиллагаа гэж зүйлчилнэ гэдэг Үндсэн хууль, Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимтай харшилж байна.

Үүнийг дараагийн шинэ бодлогыг дэвшүүлэх замаар засаж, өөрчилдөг болохоос өмнө нь бодлого боловсруулсан хүмүүст хорлон сүйтгэхийг завдсан гэж эрүүгийн хариуцлага хүлээлгэж болохгүй. Ялангуяа, хорлон сүйтгэх гэж яллах юм бол Үндсэн хуулиар заасан хүний үндсэн эрхийг ноцтой зөрчиж байна. Ингэх юм бол энэ төрд бодлого боловсруулах хүн олдохгүй. Төрийн бодлогын асуудлыг эрүүгийн хуулиар яллах нь хамгийн муу жишиг. 

М.ЭНХСАЙХАН ГЭМ БУРУУГҮЙ НЬ НОТЛОГДОНО, ЦАГ ХУГАЦААНЫ АСУУДАЛ

-М.Энхсайхан болон Ерөнхийлөгч Х.Баттулга, З.Энхболд болон түүний эргэн тойрны хүмүүсийн хооронд хувийн өш хонзон байгаа юм биш биз?

-Мэдэхгүй. 

-Ц.Элбэгдорж Х.Баттулга хоёрын дайны золиос нь М.Энхсайхан. Үүнээс болж түүнийг хэлмэгдчихлээ гэх хүн олон байна?

-Хувь хүмүүсийн талаар надад мэдээлэл байхгүй. Бодлогын өрсөлдөөн, бодлого, байр суурь, үзэл бодлын зөрүү байдаг байх. 

-М.Энхсайханыг та хэлмэгдсэн гэж үзэж байна уу?

-Прокурор нэг талыг барьж ялласан. Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж манай үйлчлүүлэгчийг ял шийтгэсэн нь үндэслэл муутай.

-Хүмүүсийн дунд мөн М.Энхсайхан цаагуураа тохиролцож, харин ч хөнгөн ял авлаа гэх хардлага байна?

-Үнэн бол ёроолд нь байдаг. Олон нийт, нийгэмд тархсан сошиал мэдээллээр хүнийг шүүж болохгүй. 

-Охидууддаа хандаж “Аав нь зөв зүйл хийсэн. Харин буруугаар ойлгодог хүмүүс байна. Миний охидууд том болохоороо ойлгоно” гэж бичсэн байна лээ. Энэ бол буруугүй гэдгээ охиддоо төдийгүй монголчуудад илэрхийлж байгаа үйлдэл гэж харж байна?

-Энэтхэгийн анхны Ерөнхий сайд, улстөрч Жавахарлал Неруг тухайн үеийн эрх баригчид нь хорлон сүйтгэх гэсэн зүйл ангиар яллаж, хорьж байсан. Тэр хүний охиндоо шоронгоос бичсэн захидал бүхий гурван боть ном байдаг. Энэ хоёр кэйс адилхан. Жавахарлал Неругийн үнэн байсан гэдгийг түүх гэрчилсэн. М.Энхсайхан гэм буруугүй нь нотлогдоно, цаг хугацааны л асуудал. Давж заалдах, хяналтын шатны шүүх анхан шатны шүүхийн алдааг засна гэдэгт итгэлтэй байна. Бид гомдлоо гаргана.

-М.Энхсайхан гэдэг хүнийг анх хэзээнээс шалгаж эхэлсэн бэ. 2018 оны тавдугаар сард Швейдэд элчин сайдаар сууж байхад нь С.Баярын хамт эгүүлэн татсан. Шалтгааныг нь сонгуулийн талаар улс төржсөн мэдэгдэл хийсэн гэж тайлбарласан байдаг. Энэ үеэс шалгаж эхэлсэн үү. Мөн хорлон сүйтгэх гэдэг зүйл заалтаар хэзээнээс зүйлчилсэн бэ?

-2019 оноос хэрэг үүсгэж, шалгаж эхэлсэн. Харин хэргийг шүүх рүү шилжүүлэхийн өмнөхөн гэнэт л ийм зүйл, ангиар зүйлчилсэн. Өмнө нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, мөн машинтай холбоотой асуудлаар шалгаж байсан. 

Э.Эрдэнэцэцэг

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.