Афганистан улсын нийслэл Кабул хотын төрөх эмнэлэгт мягмар гарагийн өглөө Талибаны зэвсэгт бүлэг халдлага үйлдэж 11 хүний амь насыг хороосны дунд шинээр мэндэлсэн хоёр нярай, эхчүүд, сувилагчид багтжээ.
Уг халдлагын дараахан удалгүй Нангархар мужид болсон оршуулгын үеэр амиа золиослогч халдлага үйлдэж 24 хүн нас барж, 68 хүн гэмтэж шархадсан байна.
Удаа дараалан гарсан халдлагуудыг эрх баригчид болон олон улсын зүгээс хурцаар шүүмжлэн, Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани Талибаны зэвсэгт бүлгийн эсрэг зэвсэгт ажиллагааг дахин сэргээхээ мэдэгджээ. Төрийн тэргүүн улс орон даяар мэдэгдэл хийж гэм зэмгүй энгийн номхон ард иргэд, хүүхэд, эхчүүд, эмнэлгийн ажилтнуудыг хороосон халдлагуудыг хурцаар шүүмжлэн буруутгасан байна.
Засгийн газар талибчуудтай гал зогсоох хэлэлцээр байгуулахаар удаа дараалан уриалсан боловч хүлээж авахаас татгалзжээ. Гэвч Талибаны зүгээс дээрх халдлагуудад холбоогүй хэмээн мэдэгдэж, хариуцлага хүлээхээс татгалзсан байна. Өнгөрсөн хоёрдугаар сард АНУ Талибантай түүхэн хэлэлцээр хийж дахин зэвсэг барихгүй байх тохиролцоонд гарын үсэг зурсан билээ.
Цуст өдрийн эхлэл
Афганистан улсад цуст мягмар гараг өглөөний 10 цагт эхэлжээ. Буугаар зэвсэглэсэн гурван этгээд Кабулын 100 ортой төрөх эмнэлэгт орж гал нээсэн байна. 11 хүн амиа алдсанаас гадны 15 хүн гэмтэж шархаджээ.
Буун дуу, дэлбэрэлтүүдийн дараа 80 орчим өвчтөн, ажилтныг нүүлгэн шилжүүлсэн байна. Зэвсэгтэй гурван этгээдийг цагдаа нар буудаж хороожээ.
Энэ явдлаас хэдхэн цагийн дараа Засгийн газар болон Парламентын эрх баригчид оролцсон оршуулгын үеэр амиа золиослогч олны дунд бөмбөг дэлбэлсэн байна.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.