Улаанбаатар хотын зам дагуу өчигдөр өглөө залуус “Битгий давар” гэх лоозон барьж, үзэл бодлоо илэрхийлсэн. Тэд эрх баригчдаас хариуцлага нэхэж, ЖДҮХС-ийн зээл, 60 тэрбум зэрэг гэмт хэргийг мартаагүй “Бидэнд санах ой бий” хэмээн эсэргүүцлээ илэрхийлсэн. Харин энэ үйлдлийг цагдаагийн байгууллагаас зогсоож, залуусыг саатуулсан гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа.
-Үзэл бодлоо илэрхийлсэн 100 гаруй залууг цагдаагийн байгууллагаас баривчилсан гэсэн. Энэ үнэн үү?
-Өнөө (өчигдөр) өглөө 08:10 цагт Баянзүрх дүүргийн VI хороо, ХХААХҮЯ-ны орчим зам дагуу жагсаал, цуглаан зохион байгуулж байгаа талаар иргэдээс мэдээлэл ирсэн. Мэдээллийн дагуу шалгахад “Ковид-19” цар тахалтай холбоотой онцгой дэглэм тогтоосон үед бүртгэлгүйгээр хууль бус жагсаал, цуглаан зохион байгуулсан нь тогтоогдсон. Мөн уг хууль бус жагсаалыг Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт явуулж байсан. Иймд Цагдаагийн албаны тухай хууль болон Зөрчлийн тухай хууль, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хууль бус үйлдлийг таслан зогсоож, холбогдох шалгалтыг явуулж байна.
-Үг хэлэх эрх чөлөөгөө эдлэн, үзэл бодлоо илэрхийлсэн залуусыг баривчлах нь хууль зөрчиж байгаа үйлдэл биш гэж үү?
-Энэ залуусыг баривчлаагүй, хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, холбогдох хуулийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж тайлбар аваад явуулсан. Хууль бус жагсаал, цуглаан зохион байгуулсан үйлдлийг шалгах явцад жагсаалд иргэдийг оролцуулахдаа эд мөнгө өгсөн байж болзошгүй үйлдэл урьдчилсан байдлаар тогтоогдсон.
-Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн энэ үед жагсаал зохион байгуулах хуулийн зохицуулалт бий юү?
-Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 8.3 дахь хэсэгт “Улс орны буюу тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд онц байдал зарласан, гамшиг болон аюул тохиолдсон бол тухайн нутаг дэвсгэрт уг шалтгаан арилтал жагсаал, цуглаан хийхийг хориглоно” гэж хуульчилсан. Мөн Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн тав дахь хэсэгт “.........жагсаал, цуглаанд оролцуулахын тулд бусдыг эд мөнгөөр татсан, эсвэл дарамт шахалт үзүүлсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгслийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн заалт бий. Энэ дагуу Нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлын албанаас жагсаал, цуглаан зохион байгуулсан гомдол, мэдээллүүдийг нэгтгэн, шалгалтын ажиллагаа явуулж байна.
-Энэ жагсаалыг хэн, ямар зорилготой зохион байгуулсан юм бол?
-Зөрчил шалгах ажиллагааг явуулж байгаа. Шалгалтын дараа уг асуудал тодорхой болно. Цар тахалтай холбоотой онцгой нөхцөл байдал тогтоосон цаг үед энэ мэтчилсэн хууль зөрчин үйл ажиллагаа явуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Б.Бадралмаа
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.