СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Цаг хугацаа зогссон хязгаар: Өнөөдрөөс өнгөрсөн рүү

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Афганистан, Тажикистаны дунд, яруу сайхнаар уулын нуга хэмээн нэрлэх ч далайн түвшнээс дээш 4000 метрийн өндөрт, үнэн хэрэгтээ хатуу, хэцүү нөхцөлд өнгөрсөн зууныхаас огт урагшлаагүй хэмнэлд аж төрж буй үндэстэн бол Памирын киргизүүд. Бага ба Их Памирт тархан суурьшсан тэд уулчдыг соронз мэт татдаг, бадмааргийн нөөцөөрөө алдартай энэ хязгаарт ирсэн түүх 1575 оноос эхтэй. Өдгөө Афганистаны Бадахшан мужид аж төрж буй киргизүүд их хүйтэн, цус ойртолт, эхийн эндэгдлээс болж жилээс жилд цөөрөхийн сацуу тэднийг элэг нэгт Киргизстан руу нүүлгэх асуудал яригдаж байна.

Гэрт амьдран, мал маллаж, “хүүхдийн ааш шиг” хэмээн өөрсдийнх нь тодорхойлсон эрс тэс цаг уурт сүүлийн 250 жилийн турш тэсэж үлдсэн, дэлхийн хамгийн тэсвэртэй хүмүүсээр тодруулж болох тэдний амьдралын хэв маяг бөмбөрцгийг бүхэлд нь хэрсэн цахим сүлжээ, даяарчлагдсан “хавтгай” сэтгэлгээ, хүн төрөлхтний ам ангайлгаж, чих дэлдийлгэсэн техник, технологийн хөгжлөөс ангид, цаг хугацаа өнгөрсөн зуунд зогссон мэт хэвээр үлджээ. Хэрэв бурхан мартсан хязгаарын хатуу ширүүн буулганд амьд үлдэх гэж зүтгэсэн нүүдэлчдийн хувь заяа мөхлийн ирмэгт тулаагүй сэн бол олон зууны турш хадгалагдан үлдсэн амьдралын хэвшил, өнөөдрөөс өнгөрсөн рүү одох аяллыг санагдуулах ахуйн консерватив эл ул мөр түрэмгий хэмнэлт хот, өдөр тутмын амьдрал руу зөвшөөрөлгүйгээр дайран орж ирэх мэдээлэл, хотжилтоос зугтах нэгний хоргодох газар болох ч байсан байж магадгүй.

ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ ХАРАНХУЙ

. Тэдний ярьж буйгаар, дөнгөж төрсөн хүүхдүүд гурван нас хүрэлгүй нас бардаг. Шинэ зуун гарснаас хойш өнөөг хүртэл Бага Памирт 455 хүүхэд нас барсан бол 45 эмэгтэй төрөхийн хүндрэлээс болж амиа алдсан гэсэн статистик бий. Гэвч статистик бол тоо, бодит байдал үүнээс ч хүнд байгааг тэнд очсон сэтгүүлчдийн бэлтгэсэн материал, бичлэгүүдээс харж болно. Жирэмсэн эх төрөх үед айл, саахалтынх нь бүсгүйчүүд эх барьж, хүйг нь тасална. Цус алдах зэрэг элдэв хүндрэл гарахад анхны тусламж үзүүлэх аргагүй. Мориор хоёр хоног явж хүрэх өндрийг зорьж ирэх эмч ховроос гадна бохир, эрүү ахуйн шаардлага хангаагүй орчин ч эхийн эндэгдлийн гол шалтгаан болдог. Пакистанаас саван авчрахын тулд хоёр долоо хоногийн зам туулах учраас орчин нөхцөлдөө дасах, эвлэрэхээс өөр сонголт тэдэнд үгүй.

. Памирын киргизүүд өөр нутгийн, өөр үндэстэнтэй гэр бүл болдоггүй. Цусаа цэвэр хадгалах нь тэдний хувьд хамгийн эрхэм, нандин зүйл тул ямар ч интернэшнл гэрлэлтийн тухай яриа гарахгүй. Нэг удмынхан хамгийн өөдрөгөөр бодоход 500 хүнтэй, үр хүүхдүүд нь бус юм гэхэд холын хамаатан садантайгаа ураг барилдах тохиолдол энгийн үзэгдэл болжээ. Цус ойртолтын улмаас дархлаа султай, өвчтэй хүүхэд олноор төрж, тэд нь ч өсөж бойжиж амжилгүй мөнх бусыг үзүүлдэг. Памирын киргизүүдийн гэр бүлд 10 хүүхэд төрснөөс хоёр, гурав нь амьд үлдэх нь том аз. Тэдний өсөлтөд саад болж буй бас нэгэн чөдөр бол калым буюу инж. Эхнэр авахын тулд бэрийн эцэг эхэд багаар бодоход 100 хонины инж өгдөг жишиг чинээлэг иргэдийн хувьд ч тийм амархан даваа бус. Түүнээс гадна нутгийн иргэд охидоо өндрийн цөлд өглөө нарнаас орой хүртэл хар ажил хийж, амьдралд нухлуулахыг хүсдэггүй, боломжтой бол Турк, Хятадад аж төрж буй элэг нэгтнүүд рүүгээ бэр болгох сонирхолтой.

Дэлхийн олонх оронд амьдрал хийгээд оршихуйн баталгаа, агаар болчихсон боловсролын тухай яриа ч мөн эндээс хол. Афганистанд амьдарч буй киргизүүдийн 100 хүний нэг нь л бичиг үсэгт тайлагдсан. Хүүхдүүд, эмэгтэчүүд бараг бүгд уншиж, бичиж, бодож чадахгүй. Бага болон их Памирын нутаг дэвсгэрт хуруу дарам сургууль байдаг ч гэрээс нь хол гэсэн шалтгаанаар хүүхдүүд сургуульд сурдаггүй. Бага болон өсвөр насныханд эх хэл, заншил, угсаа гарал, түүхээ мартах эмгэнэл нүүрлэж байна.

Афганистанд можахедууд буюу хэт даврагч үзэлтэй, зэвсэгт бүлэглэлүүдийн үйл ажиллагаа идэвхжиж эхэлснээс хойш гашиш болон бусад төрлийн хар тамхи ихэд дэлгэрсэн нь киргизүүдийг ч тойроогүй юм. Албан бус тоогоор Памирын киргизүүд дунд хөдөлмөрийн насны 350 хүн хар тамхи байнга хэрэглэдэг гэсэн судалгаа байдаг. Эм тариа байхгүйгээс өвчин намдаах зориулалтаар эмэгтэйчүүд, хүүхдүүд ч хар тамхи татна. Үүнийг далимдуулан мансууруулах бодис наймаалагчид Памир руу “бараа” хүргэж, төлбөрөө малаар авдаг аж.

Афганистанд амьдарч буй киргизүүдийг уугуул нутаг Киргизстан руу нь татах, тэдэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх талаар хэдэн жилийн өмнөөс яригдаж эхэлсэн ч одоог хүртэл “яриа” хэвээр байна. Киргизстаны эрх баригчид ч, сөрөг хүчнийхэн ч хол хязгаарт, газар нутаг, ахуйн хувьд гадаад ертөнцөөс тусгаарлагдсан элэг нэгтнүүдийнхээ талаар сэтгэл зовнисон мэдэгдэл хийсээр иржээ. Харин Памирын киргизүүд өөрсдөө нүүх, үлдэх талаар санал хуваагддаг аж. Ахмад настнуудын дунд ижил дасал болсон нутгаа орхин нүүхийг эсэргүүцдэг бол залуус, хүүхдүүдийг дулаан уур амьсгалтай, таатай орчин нөхцөл, суралцах боломж татдаг аж. Нөгөө талаас шинэ орчин, уур амьсгалд дасан зохицох, төсөөлж байснаас огт өөр ч байж болох нийгэмд хөлөө олох, хуучин хэвшил, ахуйгаас салахаас эмээгсэд олон. Тухайлбал, 1978 онд Памираас Пакистан руу нүүсэн киргизүүд цаг агаарын өөрчлөлтөөс болж тал шахам нь нас барсан жишээ бий.

Нутгийн киргизүүдийг нүүлгэн шилжүүлэхэд хамгийн том тотгор учруулдаг нөхцөл нь тэд Афганистаны, эсвэл Киргизстаны иргэд гэдгийг батлах бичиг баримт үгүй. Бичиг баримтгүй, паспортгүй тэд өөр улсын хил давах нь бүү хэл, Афганистан дотор зорчих ч хүндрэлтэй. Сүүлийн 30 жилийн турш тогтворгүй байдалд буй Афганистаны эрх баригчид уулын цөлд байгаа киргизүүдэд туслах санаа байлаа ч ажил хэрэг болж чаддаггүй аж. 2003 онд Афганистаны тэргүүн Хамид Карзай Памирын киргизүүдийн төлөөлөгчдийг хүлээн авч, уулзаж байсан ч дорвитой өөрчлөлт ирсэнгүй.

Өдгөө Памирын киргизүүд жил бүр 6-7 хувиар цөөрч байгаа бөгөөд 10-15 жилийн дараа газрын хөрснөөс арчигдаж мэдэх нь.

Х.Инга

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.