Эрүүл мэндийн яам болон холбогдох албаныхан коронавирусийн халдварын талаарх сүүлийн үеийн мэдээллийг хүргэлээ.
Эрээн хот онц байдлын нэгдүгээр зэрэглэлд шилжсэн байна. Өнөөдрийн байдлаар 25 оронд тус вирус бүртгэгдээд байна. Коронавирусийн халдвараар 910 хүн нас барсан гэж бүртгэгдсэн бөгөөд нийт нас барсан иргэдийн ихэнх хувийг 80-аас дээш насныхан эзэлж байна гэж ДЭМБ-ын мэргэжилтэн хэллээ. Мөн сэжигтэй тохиолдол болон халдвар авсан байж болзошгүй эрсдэлтэй хүмүүс ихсэж байгаа юм байна.
Гашуун сухайтаас 120 км-ийн цаана коронавирусийн халдвар бүртгэгдсэн байна. Мөн Сингапур, Герман улсад тус вирусийн халдвар бүртгэгджээ.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас шинэ коронавирусийн халдварын болзошгүй аюулаас сэрэмжлэхийн тулд албан даалгаврыг хэрэгжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна. 1,566 аж ахуйн нэгж байгууллага болон зорчигч тээврийн нэгтгэлүүдийн 80 гаруй байгууллагад зөвлөмж, мэдээлэл хүргэжээ.
Манай улсын хувьд амралтын өдрүүдэд коронавирусийн гурван сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Тэдгээр иргэдийг цаг алдалгүй тусгаарлан шинжилгээнд хамруулсан байна. Тус гурван иргэдийн шинжилгээний хариу сөрөг буюу коронавирусийн халдваргүй гэдэг нь тогтоогдсон гэдгийг албаныхан хэлж байна.
ЭМЯ-наас Засгийн газрын нөөц хөрөнгөөс 4.2 тэрбум төгрөгөөр эрүүл мэндийн байгууллагад шаардлагатай эм эмнэлэгийн хэрэгсэл, нэг удаагийн хэрэгслийг худалдан авахаар төлөвлөсөн. Тус ажил энэ долоо хоногтоо багтаан нийлүүлэгдэж дуусна гэж албанхан мэдээлж байна. Мөн Азийн хөгжлийн банкны хөрөнгөөр 4.2 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж манай улсад ирэх юм байна. Маргааш ДЭМБ-аас 500 ширхэг оношлуур ирнэ гэдгийг албаныхан хэлж байна.