БНХАУ-д хорио цээрийн дэглэм шат дараалалтайгаар цуцлагдан, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа сэргээн, хувь хүмүүс ажилдаа явцгаан, амьдралын хэвийн хэмнэлдээ орж эхлээд байна.
Өнгөрсөн долоо хоногт Хятадын Засгийн газар кино театр, музей, бусад амралт зугаалгын газруудыг аажмаар нээхээ мэдэгдсэн. Гэхдээ иргэд заавал урьдчилан захиалга өгөх хэрэгтэй бөгөөд үйлчлүүлэгчдийн тоонд хязгаарлалт тавих аж. Шанхай хотод шөнийн цэнгээний газрууд аль хэдийн нээгдээд байгаа юм.
Харин энэ даваа гарагаас Шанхай хотын Диснейланд үүд хаалгаа дахин нээлээ. Дэлхий даяарх бүх Диснейлэнд гуравдугаар сараас хойш хаагдсан бол Шанхайн Диснейланд нэгдүгээр сараас хойш хаалгаа бариад байсан юм.
Эргэн нээгдсэн тус соёл амралтын хүрээлэн эрүүл ахуй, аюулгүй байдлын шинэ дэг журмын дор ажиллах бөгөөд хамгийн чухал нь зочдын тоонд тавьсан хязгаарлалт юм. Өдөрт дээд тал нь 24 мянган хүн нэвтрэх боломжтой ба энэ нь тус паркийн энгийн үед хүлээж авдаг зочдын 30 орчим хувьтай тэнцэх тоо аж.
Бүх зочид заавал амны хаалт зүүсэн байх ёстой бөгөөд хэрэглэсэн амны хаалтыг аюулгүй хаяхын тулд амралтын газрын эргэн тойронд хогийн сав олныг байрлуулжээ. Диснейланд руу орохдоо иргэд халуунаа хэмжүүлэх шаардлагатай ба Шанхай хотын албан ёсны оношилгооны аппликейшний "ямар ч асуудалгүй" гэсэн утгатай ногоон QR кодыг харуулах ёстой гэнэ. Түүнчлэн иргэд дараалан зогсох болон бүх тоглоом дээр суухдаа бие биеэсээ зай барих хэрэгтэй ажээ.
Эх сурвалж: The Star, The Verge
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.