БНХАУ-ын Ухань хотоос гаралтай шинэ төрлийн коронавирусийн халдвараар хоногт 3,000 гаруй хүн шинээр халдварласаар өнөөдөр өглөөний байдлаар халдвар авсан иргэдийн тоо 41,000 орчим болоод байна. Уг вирусийн улмаас амиа алдсан хүний тоо өнгөрсөн шөнө 97-оор нэмэгдэж 910 хүн нас баржээ.
Японы эрэгт зогссон 3,700 зорчигчтой Диамонд Принцесс аяллын усан онгоцон дээр коронавирусийн халдвар 80 настай Хонконгийн иргэнээс илэрсний дараа усан онгоцыг 14 хоногийн турш тусгаарлахаар болсон. Харин үүний дараахан лхагва гарагт Хонконгийн эрэгт ирсэн 3,600 зорчигчтой Ворлд Дрийм усан онгоцны өмнөх аяллын зорчигчдоос коронавирус илэрсэнтэй холбогдуулан онгоцны ажилчид вирусээр халдварлаж тараасан байж болзошгүй тул мөн тусгаарлаад байсан юм.
Тэгвэл дөрөв хоногийн турш онгоцыг тусгаарлаж вирусийн сорил тавьсны дараа 3,600 зорчигч халдвар аваагүй гэж үзсэн тул зорчигчдыг буулгасан байна. Хонконгийн эрүүл мэндийн газрын ажилтан Лэн Юй Хонгийн хэлснээр хөлгийн бүх ажилтнууд, зорчигчдын тэн хагас нь буюу 1,800 хүнд сорил тавихад шинжилгээний хариу нь сөрөг гарсан тул тусгаарлах шаардлагагүй гэж үзэн чөлөөлжээ.
Харин Японы Ёкохамагийн эрэгт тусгаарлагдсан Диамонд Принцесс аяллын усан онгоцон дээр шинэ коронавирусийн халдвар авсан зорчигчдын тоо 64 болж нэмэгдсэн байна.
Эх сурвалж: BBC