Дэлхийн улс орнууд коронавируст цар тахал даамжран тархсаны дараа хорио цээрийн дэглэм тогтоож ихэнх нь эдийн засаг, бизнесийн үйл ажиллагаагаа зогсоогоод байгаа билээ. Өрнөдийн орнуудад хорио цээрийн дэглэмийг хэдий нь сулруулж, бизнесийн байгууллагууд, сургууль цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг нээсэн байна. Харин заримд нь олон нийт цугласан арга хэмжээ, албан байгууллага, арга хэмжээг хорьсон хэвээр байгаа юм. Тэгвэл завгүй их ажлын оронд хэсэгхэн амрах боломж олгоод буй хорио цээрийн дэглэмийн үед дэлхийн иргэд цагийг хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлж буйг Global Press Journal онцолжээ.
Үүнд Хөвсгөл нутгийн бяцхан хүү Г.Түвшинбаярыг онцлон багтаасан байна. Монголын Засгийн газар цар тахал голомтлон тархахаас урьдчилан сэргийлж улс орон даяар хичээл сургуулиудыг есдүгээр сарын 1-ний өдөр хүртэл хаасан билээ. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 настай иргэн Түвшинбаяр өнгөрсөн нэгдүгээр сараас хойш хичээлдээ яваагүй ч цаг хугацааг эцэг эхдээ туслан, завгүй өнгөрөөж байна. Мал төллөдөг гурав, дөрөвдүгээр саруудад хурга ишгээ харж, малчны хотонд өнжиж байгаа ажээ. Манай улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн коронавирусийн 42 тохиолдол бүртгэгдсэн.
Энэ бол Дархан-Уул аймгийн Дархан хотын оршин суугч 73 настай Ё.Вандансүрэн. Тэрээр аймгийн засаг даргаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан ч сүүлийн 10 гаруй жилийн турш гэрийнхээ ойролцоох цэцэрлэгт хүрээлэнд гүйж, дасгал хөдөлгөөн хийж идэвхтэй амьдарч байна. Хэдийгээр дэлхий даяар коронавирус тархсан ч тэрээр үргэлжлүүлэн тогтмол дасгал хийсээр байгаа ажээ.
Эх сурвалжийн онцолсон дараагийн иргэд бол Мексикийн Мехико хотын оршин суугчид Жозефина, Лорненза нар юм. Ээж, охин хоёр өнгөрсөн сард гэрээсээ гаралгүй хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлсэн ч нохдоо аван салхилангаа алхаж чилээгээ гаргах болжээ. Хамгаалалтын баг, амны хаалтын хомсдолд орсон тул интернэтээр ариун цэврийн алчуур, цаасаар хэрхэн амны хаалт хийж болохыг сурч нохдоо салхилуулахдаа өөрсдийн хийсэн амны хаалтаар хамгаалсан байна. Коронавирусийн 31,522 тохиолдол бүртгэгдэж 3,160 хүн нас барсан тус улсад нийтээс зай барих, олон нийтийн арга хэмжээ цуцлах шийдвэрийг тавдугаар сарын 30 хүртэл сунгажээ.
Гайти улсын нийслэл Порт ө Прийнс хотод коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд зөөврийн гар угаах төхөөрөмжүүдийг байршуулжээ. Хотын иргэн Даниелла Дувернойс гараа цэвэр байлгаж, вирусээс хамгаалахын тулд үүнийг ашиглаж байна. Зөөврийн гар угаагуурыг цэвэр ус, саван дагалдах ажээ. Тус улсад Ковид-19-ийн 146 тохиолдол бүртгэгдэж, 12 иргэн нас баржээ. Бусад орнуудын нийтлэг жишгийн дагуу 10-аас дээш хүн цугларахыг хориглосон байна.
Эх сурвалж: Global Press Journal
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.