АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенсийн хэвлэл хариуцсан ажилтан Ковид-19-ийн халдварын шинжилгээгээр эерэг хариу сонсчээ. Үүнээс хэдхэн цагийн дараа дэд Ерөнхийлөгч аж үйлдвэрийн салбарын гүйцэтгэх захирлуудтай хэлэлцүүлэгт оролцохоор болсон байна. Уэст дэс Мойнест болсон дугуй ширээний уулзалт хэлэлцээрт ирсэн таван зочныг тайзан дээр гарахаасаа өмнө амны хаалтаа тайлахыг хүсчээ.
Тайзан дээр гарсан эрхмүүд хүсэлтийг дуулгавартайгаар биелүүлж амны хаалтаа тайлсан байна. Энэ үйлдэл нь Цагаан ордон холбооны эмнэлгийн ажилтнууд, эмч мэргэжилтнүүдийн коронавирусийн тархалтыг намжаах зөвлөгөөг биелүүлэхээс хэрхэн татгалзаж буйг харуулсан тод жишээ хэмээн шүүмжилж байгаа юм.
Дэд Ерөнхийлөгч Пенс амны хаалт зүүхээс татгалзсан анхны тохиолдол энэ биш юм. Тэрээр Миннесотагийн Маёо эмнэлэгт зочлохдоо амны хаалт зүүхээс татгалзсан нь олны нүдийг бүлтийлгэсэн билээ.
Нэгдсэн улсын Засгийн газар эдийн засаг, бизнесээ эргэн сэргээж хорио цээрийг суллахаар ажиллаж байгаа ч коронавирусийн халдварын тохиолдол буурахгүй байгаа тул мэргэжилтнүүд амны хаалт зүүх, гараа тогтмол угаах, нийтээс зай барих дүрмийг баримтлах хэрэгтэй хэмээн зөвлөсөөр байгаа юм.
Тус улсад коронавирусийн халдварын 1,367,638 тохиолдол бүртгэгдэж, 80,787 иргэн нас баржээ.
Эх сурвалж: The Slate
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.