Өнөөдөр өглөөний байдлаар дэлхий даяар коронавирусийн халдвар авсан иргэдийн тоо 4 сая давж 4,100,788 болж, 280,000 иргэн нас баржээ. Халдвар авсан иргэдийн 1,441,478 нь эдгэсэн тоо баримтыг танилцуулж байна.
АНУ нь дэлхийн хамгийн том голомт хэвээр бөгөөд нийт халдварлагсдын ¼ нь, эндэгдлийн 1/3 нь тус улсад бүртгэгдээд байна. Эрүүл мэндийн шинжээчид бодит тоо үүнээс ч илүү бөгөөд олон улс оронд халдварыг оношлох ажил тун бага түвшинд явагдаж байгаа гэж онцолжээ. Тиймээс оношлогдоогүй олон зуун мянган тохиолдол бий ажээ.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Испани зэрэг коронавирус голомтлон тархсан улс орнуудад нас баралтын тоо багассан хэвээр байна. Үүнийг дагаад хорио цээрийн дэглэмийг сулруулснаар цар тахлын хоёр дахь давлагаа үүсч болзошгүй гэдэгт мэргэжилтнүүд сэтгэл зовниж байна.
Энэ хооронд Засгийн газрууд цар тахлын хөл хорионоос үүдэлтэй эдийн засгийн хүнд нөхцөл байдалтай нүүр тулж байгаа юм. Хятадын Үндэсний эрүүл мэндийн зөвлөлийн захирал Ли Биний орон нутгийн хэвлэлд өгсөн яриагаар энэ удаагийн цар тахал улсын эрүүл мэндийн тогтолцоо сул байгааг харуулсан том сорил болсон гэдгийг онцолжээ.
Түүнчлэн Хятадын дарга Си Зиньпин Умард Солонгост коронавирусийн халдвар тархсан байж болзошгүй гэдэгт ихээхэн сэтгэл зовниж буйгаа илэрхийлэн тэдэнд туслахыг уриалсан байна.
Харин АНУ-ын экс Ерөнхийлөгч Барак Обама коронавирусийн хямралын үед өнөөгийн Ерөнхийлөгч Дональд Трампын авж хэрэгжүүлж буй арга хэмжээг хурцаар шүүмжилжээ.
БНСУ-д шинээр 34 тохиолдол нэмж бүртгэгдсэн. Халдварын тохиолдол шөнийн цэнгээний газраас үүсэлтэй байсан тул Сөүл хотын 2,100 гаруй шөнийн клубыг хаах шийдвэр гарлаа. Шөнийн клубээр үйлчлүүлсэн эрэгтэй халдвар тараасан нь хоёр дахь давлагаа үүсч болзошгүй нөхцөл байдлыг үүсгэсэн тул хорио цээрээ дахин чангатгах хэрэгтэй гэж үзэж байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.