Монгол улсад коронавирусийн зөөвөрлөгдөн орж ирсэн 42 тохиолдол бүртгэгдсэнээс 14 хүн эдгэж, 28 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлэгдэж байна.
Иргэд яаралтай тусламжийн утаснаас коронавирусээс хамгаалахын тулд ямар дэглэм барих, дэлхийн улс оронд нөхцөл байдал ямар байгааг тандан асуух нь нэмэгджээ.
Бохир амны хаалтаа ил задгай хаяхгүй байх, орчныг бохирдуулахгүй, халдвар тархаах эрсдэлийг нэмэхгүй байхын тулд хоёр талаас нь сайн эвхэж тагтай саванд хаяхыг эрүүл мэндийн мэргэжилтнүүд ард иргэдэд анхааруулж байна.
Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс резидентээр суралцаж буй 1,800 гаруй эмчийг яаралтай үед дайчлан ажиллахад бэлдэж судалгаа хийсэн. Халдварт өвчинтэй тэмцэн ажиллаж буй резидент эмч нарт одоогоор 49 сая төгрөгийн цалин өгчээ.
Тусгаарлах байрнаас гарсан иргэд галын шугаманд ажиллаж буй улсын онцгой комисс, эрүүл мэндийн ажилтнууд талархлын хуудас илгээсээр байна.
Дэлхийн зарим улсад коронавирусийн хоёр дахь давлагаа гарч эхэлсэн бөгөөд манай улсад голомтлон тархах нь цаг хугацааны асуудал тул бэлэн байдлаа хангаж ажиллаж байна.
Өчигдөр ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораториудад 300 гаруй тандалтын коронавирусийн шинжилгээ хийсэн бөгөөд халдвар илрээгүй. Тусгаарлагдсан сэжигтэй тохиолдлуудын давтан шинжилгээнээс коронавирус мөн илрээгүй байна. Алтанбулагийн боомтоор орж ирсэн 36 ачаа тээврийн жолоочийн сорьцоос халдвар илэрсэнгүй. ХӨСҮТ-д одоогоор 107 хүн ажиглалт, тандалтанд байна.
БНСУ-д шинээр 34 тохиолдол нэмж бүртгэгдсэн. Халдварын тохиолдол шөнийн цэнгээний газраас үүсэлтэй байсан тул Сөүл хотын 2,100 гаруй шөнийн клубыг хаах шийдвэр гарлаа. Шөнийн клубээр үйлчлүүлсэн эрэгтэй халдвар тараасан нь хоёр дахь давлагаа үүсч болзошгүй нөхцөл байдлыг үүсгэсэн тул хорио цээрээ дахин чангатгах хэрэгтэй гэж үзэж байна. Иран улсад өнгөрсөн нэг хоногт 1,500 гаруй тохиолдол бүртгэгдсэнээр нийт тохиолдол 100,000 давлаа. ОХУ-д өчигдөр 10,800 гаруй халдварын тохиолдол нэмж бүртгэгдэж, 104 хүн нас баржээ. ХБНГУ-д халдварлалтын индекс нэмэгдэж байгаа тул ирэх өдрүүдэд ихээхэн анхаарал тавин ажиллахыг эрх баригчид сануулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.