Өмнөд Солонгос гадаадын 22 оронд оршин сууж буй Солонгосын дайны ахмад дайчдад амны хаалт илгээхээр болжээ.
Ахмад дайчдын тус улсын төлөө гаргасан золиос, хувь нэмэрт нь талархал илэрхийлж, дэлхий даяар тархаад буй коронавирусээс урьдчилан сэргийлэхэд нь тус нэмэр болохоор энэхүү тусламжийг үзүүлэхээр болсон байна.
Уг төсөл Солонгосын дайны дурсгалын хорооны 70 жилийн ойн баярын хүрээнд явагдаж байгаа юм. "Эдгээр 22 улс бүгд коронавирусийн тахал өвчинд нэрвэгдээд байна. Ахмад дайчдын дундаж нас нь 88 бөгөөд халдвар авах өндөр магадлалтай тул тэдэнд амны хаалт түгээх нь нэн яаралтай асуудал юм" гэж тус хорооноос мэдэгджээ.
1950 онд дэгдэж, гурван жил үргэлжилсэн хоёр Солонгосын дайнд НҮБ-ын энхийг сахиулах хүчний 22 орны 1.9 сая гаруй цэргийн албан хаагч оролцож, тэдний 37,902 нь нас барсан билээ.
Тусламжийн хүрээнд нийт 1 сая амны хаалт түгээхээр төлөвлөж байгаа бөгөөд үүний тэн хагасыг нь Солонгосын дайны ахмад дайчдын 90 гаруй хувь нь амьдардаг АНУ руу илгээх аж. Бусад 21 улсад үлдсэн амны хаалтыг ахмад дайчдын тоо болон тус улсын халдварын нөхцөл байдалд үндэслэн тараах юм.
Дурсгалын хорооноос Батлан хамгаалах яамтай хамтран АНУ руу явах амны хаалтуудыг БНСУ-ын нисэх хүчний агаарын тээврийн онгоцоор энэ баасан гарагт зөөвөрлөнө. Бусад орнуудын амны хаалтуудыг Гадаад хэргийн яамны тусламжтайгаар дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан түгээхээр төлөвлөж байна.
Эх сурвалж: The Korea Times
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.