Булчин задрах өвчин, бусад төрлийн тахлын халдварын дэгдэлт Кавказад үе үе гарч байх үеэр “Ухаантны зовлон” (“Горе от ума”) зохиолоо Грибоедов бичиж эхэлжээ. Чехов төрөлх Мелихово тосгондоо булчин задрах өвчний эсрэг эмчилгээний цэг байгуулан ажиллаж, өвчтөн хүлээж авч үзлэг хийх завсар хооронд өгүүллэгүүдээ бичиж байлаа. Михаил Булгаков Иргэний дайн болон гэдэсний хижиг өвчин газар авсан он жлүүдэд уран бүтээлээ туурвиж байв. Хамгийн тохь тухгүй орчин нөхцөлд бичигдсэн Оросын уран зохиолын заримын талаар Оросын культура.pф-ын толилуулсныг орчуулан хүргэж байна.
Александр Грибоедов: “Ухаантны зовлон”
1818 оны дөрөвдүгээр сард Персэд суух Оросын элчингээр Александр Грибоедовыг томилжээ. Тэр цагаас эхлэн тэрээр Дорнын улс орноор нүүдэл хийж, Тифлис, Тегеран, Тебриз зэрэг хотод амьдарч, ажиллаж байв. Түүнийг ажиллаж байх үест Кавказын дайны фронтод олзны цэрэг, шархдагсдын дунд гэдэсний хижиг, хумхаа, бусад төрлийн тахлын халдварт өвчин байн байн гарч байжээ. 1819 онд Грибоедов Ананури цайзад хөл хорионд (карантин) орсон байна.
...Хүлээн авахын хачин жигтэй оромж руу мөлхөх шахуу ороод тэнд үнэхээр гайхмаар хүйтэн жихүүн хүлээж авч байгааг өөрийн биеэр үзэж мэдэрлээ. Хүйтэн байсан болохоор түлээ сураглав. Эргэн тойрон битүү ойтой ч түлэх түлээ байдаггүй юм байна... Удаан хүлээсний эцэст гартаа жижигхэн шилбүүр барьж, өрөөсөн хөл дээрээ эргэцэж догонцсон намхан жижиг биетэй, эмч гэх тэнэг мангардуу гэмээр нөхөр сая нэг юм заларч, бидний байгаа байр бол “улс төрийн госпиталь (эмнэлэг)”... манай өрөөнд өвдгөөр татсан ус дүүрдэг, хэзээ хүртэл энд суухыг комиссар л мэдэх тухай хэл мэдээ дуулгав. Удалгүй өнөөх эмчинцэрийн сураг тасарч, угаартсаны улмаас 24 цаг бие тавгүйрхэв. Шантайсан, үхдэл царайлсан комиссар хүрч ирэв.
Александр Грибоедов. “Аян замын тэмдэглэл”, 1819 оны арваннэгдүгээр сарын 29
Грибоедов 1822 онд генерал Алексей Ермоловын харьяанд дипломат албаны түшмэлийн алба хаших болсон цаг мөчөөс алдарт инээдмийн жүжгээ бичиж эхлэв. Орой үдшийн цагаар жүжгийнхээ дүр болгоны зан авирыг тунгаан бодсоор эхний хоёр үзэгдлийг бичиж дуусгав. Гэтэл оны төгсгөлөөр халдварт өвчин дахин дэгдэж, зохиолчийн үнэнч туслагч Амлих өөд болжээ.
...Энэ бүхэн Рамадан сарын үеэр болсон бөгөөд түүнээс хойш тайлбарлахын аргагүй хар бараан сүүдэр намайг нөмрөх боллоо. Алексей Петрович болон түүний эргэн тойрны бусад хүн инээд наргиан болгож байсан нь тун тусгүй явдал болов. Дотны эрхэм анд минь ээ, намайгаа өрөвдөж хайрлаарай, 15 жил намайг дагаж хамт явсан үнэнч туслах Амлихаг минь дурсан санаж, буян үйлдээрэй. Тэр маань хорвоог нэгэнт орхисон. Дараа нь Щербаков Персээс хүрэлцэн ирж, миний гар дээр өвдөж шаналав; хэдхэн цаг гадагшаа гараад иртэл түүнийг аль хэдийн авсанд хийж байлаа. Танил тал, найз нөхдөөс маань дахиад хэнийг нь үхэл авч одох юм бол оо? Өнгөрсөн өвлийн хүйтэн манай хил дээр зогсоон барьж чадсан cholera morbus хаврын урь орохоор наашлах байх даа.
1823 оны сүүлчээр Вильгельм Кюхельбекерт бичсэн Александр Грибоедовын захидлаас.
1823 оны хоёрдугаар сард Грибоедов амралтын чөлөө авч Тифлисээс Москва руу явав. Анд нөхөр Степан Бегичевын Тула губерн дэх эдлэнд зургадугаар сараас есдүгээр сарын хооронд “Горе уму” инээдмийн жүжгийнхээ эхний хувилбарыг бичив. 1824 онд харин зохиолоо “Ухаантны зовлон” (“Горе от ума”) нэртэйгээр нэг мөр дуусгажээ.
Уг жүжгийг Москва, Петербургийн театруудад тавьж тоглуулахыг хориглож байсан хэдий ч зохиолч амьд сэрүүн байхдаа жүжгээ тайзнаа тавихыг үзэж амжсан билээ. 1827 оны аравдугаар сард Эриваны цайзыг байлдан эзэлсэн үйл явдалд зориулан “Ухаантны зовлон” жүжгийг Кавказын корпусын офицерүүдэд үзүүлсэн юм.
1828 оны нэгдүгээр сарын аймшигт үхлээс таван сарын өмнө Грибоедов хумхаа өвчнөөр хүнд өвчилж, Нина Чавчавадзетай гэрлэх ёслолоо золтой л цуцлах шахсан байна.
...Айхавтар өвчнөөр хоёр удаа өвдөх завсар хооронд гэнэт муудалгүйгээр гэрлэж амждаг болов уу хэмээн би өчигдөр бодлоо. Гэтэл санаснаар болсонгүй: яг титэм өмсөх тэр мөчид хамаг бие халуу шатаж, бүрмөсөн татгалздаг ч юм бил үү хэмээн бодогдсон бөгөөд титэмлэх ёслол дуусахад хөл дээрээ арай чүү зогсож байлаа.
1828.8.23-нд Иван Паскевичэд Александр Грибоедовын бичсэн захидлаас.
.С.Пушкин: “Евгений Онегин”
Александр Пушкин шүлэглэсэн романаа бичих гэж долоон жил хөдөлмөрлөсөн. 1823 онд Кишиневт цөллөгөнд байхдаа эхэлж, “алаг цоохор бүлгийн эмхэтгэлээ” булчин задрах тахлын үеэр дуусгасан.
1830 оны наймдугаар сарын 31-нд эхнэр болох зөвшөөрлийг Наталья Гончаровагаас авмагцаа Пушкин удам дамжсан эдлэн газар болох Болдино руу явжээ. Тэрээр тэнд эцгийнхээ өгсөн хуримын бэлэг болох Кистенево тосгоныг эзэмших эрхийг өөрийн нэр дээр болгож бүртгүүлэх гурван долоо хоног хэрийн хугацаа шаардсан ажлыг амжуулах ёстой байв. Гэтэл ойр хавьд нь булчин задрах өвчин гарч, Пушкин Болдинод есдүгээр сарын 3-наас эхлэн гурван сар хөл хоригджээ.
...Эргэн тойронд колера морбус. Энэ ямар айхтар араатан болохыг чи мэдэх үү, удахгүй Болдинод орж ирээд бид бүгдийг зулгааж мэдэх юм, Василь ахынд ч хүрч мэднэ (найрагчийн авга ах Василий Пушкин 1830 оны наймдугаар сарын 30-нд нас барсан.Редакцийн тайлбар), харин чи миний намтрыг бичээрэй... Хайртай найз минь, энэ тосгонд ямар сайхан гэж санана; хаашаа л харна нүд алдам тал; айл хөршийн хүн амьтан ганц ч үгүй; ханатлаа морь унаж болно, гэрт байхдаа толгойд орсон бүгдийг бичиж болно, хэн ч чамд саад болохгүй. Чамд би шүлэг, зохиолын өчнөөн бэлэг барина аа. Хайрт минь, намайгаа өршөөгөөрэй.
1830.9.9-нд Петр Плетневт Александр Пушкины бичсэн захидлаас.
Есдүгээр сарын 18-нд Александр Пушкин “Евгений Онегин”-ы наймдугаар бүлгийг, есдүгээр сарын 25-нд есдүгээр бүлгийг бичиж дуусгав. Пушкиныг Вангийн хатан Голицынад хоргодож эдлэн газарт үлдсэн байх хэмээн хардсан Наталья Гончарова түүний захианд цөөхөн үгээр хааяа нэг бүдэгхэн хариу бичнэ. Аргаа барж, мухардсан Пушкин аравдугаар сарын 19-нд “Онегин”-ы есдүгээр бүлгийг галдан шатааж орхив. Энэхүү шүлэглэсэн роман өнөөгийн бидэнд дахин боловсруулсан найман бүлэгтэй өвлөгдөж ирсэн байна.
...Өнөөх л Болдиндоо байсаар байна! Таныг Москвагаас гараагүй гэдгийг сонсч мэдээд би өртөөний морь хөлсөлж, замд гарав. ...Энд гаргахгүй байна. ...Лукоянов руу буцахаас өөр зам алга; тахал өвчингүй газраас яваа гэсэн гэрчилгээ шаардаж байна... Ингээд би нэг мэдсэн чинь хувцсаа тайлалгүй 400 мод газар явсан байна. ...Булчин задрах тахал намжиж байгаа талаар надад хэл дуулгасан ноён Шаликовт баярлалаа.
1830.11.18-нд Наталья Гончаровад бичсэн Александр Пушкины захидлаас.
Пушкин Болдинд өнгөрүүлсэн намрын үр шим болж, оросын уран зохиолын түүхэнд үлдсэн, бичиж эрээчсэн тэвэр дүүрэн цаастай арванхоёрдугаар сарын 5-нд Москвад буцаж ирэв.
...Би хүчлэн байж хөл хориог нэвтлэн хоёр ч удаа Болдиноос гарч яваад буцсан. ...Чамд л гэж хэлэхэд (нууц шүү) би удтал бичиж байгаагүй ихээр бичиж туурвисан. Чамд би юутай ирсэн гэж бодож байна. Тухайлбал: шууд хэвлүүлэхэд бэлэн болсон “Онегин”-ы найм, есдүгээр хоёр бүлэг. Апопутэд өгөхөөр бадгалж (400 шүлэг) бичсэн тууж. “Скупой рыцарь”, “Моцарт ба Сальери”, “Пир во время чумы”, “Дон Жуан” зэрэг хэд хэдэн драмын болон эмгэнэлт жүжиг. Энэ бүгдээс гадна 30 орчим жижиг шүлэг бичлээ. Сайн байгаа биз? Өөр бас юм бий (маш нууц). Үргэлжилсэн үгээр би таван тууж бичсэн, Баратынский уншаад инээд алдан, байж сууж ядаж байгаа, бүгдийг мөн Апопутэд нийтлүүлнэ. Булгарин загнах болохоор миний нэрээр нийтлүүлж болохгүй.
1830.12.9-нд Петр Плетневт бичсэн Александр Пушкины захидлаас.
Николай Гоголь:“Амьгүй албат”
“Амьгүй албатыг бичиж эхэллээ. Зохиолын санаа томоохон романы хэмжээнд хүрэхээр сунжирсан ч үнэхээр инээдтэй болох юм шиг байна” хэмээн 1835 оны аравдугаар сарын 7-нд Пушкинд илгээсэн захидалдаа Николай Гоголь бичжээ. Найраглал хэмээн зохиолч өөрөө төрлийг нь тодорхойлсон энэ бүтээлийг туурвих ажил 1842 оны тавдугаар сард анх нийтлэгдэх хүртлээ үнэхээр сунжирсан ажээ.
Завсарлагатайгаар 12 орчим жил гадаадад байхдаа Гоголь энэ бүтээлээ бичиж туурвисан. 1836 оны зургадугаар сард зохиолч усан онгоцоор Германы Любекад хүрсэн. Тэндээсээ Гамбург, Ахен, Майнц, Франкфурт, Баден-Баденаар дамжин Швейцарьт очиж, намаржин тэнд өнгөрүүлсэн.
...Энэ жил Вевегийн намар яг л зун шиг тун сайхан болж байна. Өрөө маань дулаахан, тохь тухтай болохоор Петербургт эхэлсэн “Амьгүй албат”-аа үргэлжлүүлж сууна. Эхлүүлсэн бүхнээ дахин өөрчилж, төлөвлөгөөгөө бүхэлд нь ахин дахин эргэцүүлж тунгаасан болохоор он дарааллын бичиг хөтөлж байгаа юм шиг л бага багаар, аажуу тайвуу ахиулж байна. ...Өглөө бүр цайлахдаа найраглалдаа гурван хуудас нэмж байгаа бөгөөд бичсэнээ уншаад хүрэх инээд маань өдрийг ганцаар өнгөрөөх намайг хөгжөөж тайвшруулдаг юм.
1836.11.12-нд Василий Жуковскийд бичсэн Николай Гоголийн захидлаас.
Өвөл нь Гоголь Итали руу шилжиж нүүхээр төлөвлөж байсан ч тэнд булчин задрах тахал “царцааны нүүдэл” мэт тархаж, айдаст автсан италичууд амны хаалт зүүж, нутаг орноороо явцгааж байв. Ийнхүү тэрээр төлөвлөсөн чиглэлээ өөрчлөхөөс аргагүй болж, дараа жилийн хоёрдугаар сард Италид очих бодол тээн 1836 оны арваннэгдүгээр сард Парис руу нүүжээ.
...Парис төсөөлж байсан шиг тийм ч яахаа алдсан биш юм аа… Вевег бодоход эндхийн амьгүйчүүл илүү сэргэлэн цовоо, цоглог юм, би яг л Оросдоо байгаа юм шиг, миний өмнө бүгд манайхан, манай газрын эзэд (помещик), түшмэд, офицерууд, эрчүүл, хөдөөгийн муу яйжгар байшин гээд үнэн алдартны Орос улс тэр чигээрээ байгаа юм шиг л санагдаж байна. Тэр бүү хэл, “Амьгүй албат”-ыг би Парист бичиж байна гэж бодохоор инээд хүрдэг юм.
1836.11.12-нд Василий Жуковскийд бичсэн Николай Гоголийн захидлаас.
Ямар ч байсан Гоголь 1837 оны гуравдугаар сараас зургадугаар сар хүртэл Ромд амьдарсан. Зун нь бас дахиад Баден-Баден руу сар жилийн хугацаагаар эмчилгээнд явав. Дараа нь буцаж Итали явахыг хүссэн боловч тэнд мөн булчин задрах тахал бас дахин дэгджээ.
...Өнөөдөр би явж байна. Булчин задрах элдэв халдварт өвчнөөс болж Итали руу нэвтрэх зөвшөөрөл олдох хүртэл түр азнахаар Швейцарь руу явж байна. Ромд булчин задрах тахал гарсан нь надад ямар азгүй хэрэг болсныг төсөөлөөч. Хэзээний танил бөмбөгөр орой, миний хувьд хоёр дахь эх орон минь шахуу болсон олон газрыг баяр хөөр дүүрэн үзэж харна хэмээн бодож мөрөөдөж явтал гэнэт аянганд ниргүүлсэн юм шиг л болов. Берлин рүү битгий яваарай. Тэнд булчин задрах халдвар гарсан гэсэн.
1837.9.3-нд Николай Смирновт бичсэн Николай Гоголийн захидлаас.
Аравдугаар сарын дундуур Ром руу нэвтрүүлэв. Энэ цаг мөчөөс Гоголь ойрхон зуур нааш цааш явсныг эс тооцвол 1842 оныг хүртэл Виа Систина гудамжны 125 дугаар байшинд зөвхөн “Амьгүй албат”-аа үргэлжлүүлэн бичиж, эхний ботийг дуусган “бүрэн цэвэрлэгээ” хийжээ.
А.П.Чехов “Сахалин арал” (“Остров Сахалин”)
Антон Павлович Чехов 1890 оны дөрөвдүгээр сараас арванхоёрдугаар сар хүртэл Москвагаас гараагаа эхэлж, Ярославль, Екатеринбург, Тюмень, Томск, Красноярск, Иркутск, Благовещенскээр дамжин Сахалин хүрч, буцахдаа Хонконг, Сингапур, Коломбо, Порт-Саид, Одесс хүрсэн гайхалтай урт аяллын зам туулав. Замын дунд тэр халдварт өвчинтэй таарсан байна.
...Сайн байна уу! Умард Сахалинаас Татарын хоолойгоор Өмнөд Сахалин орохоор хөвж явна. Энэ захиа Танд хэзээ хүрэхийг мэдэхгүй ч бичлээ. Ногоон нүдэлсэн булчин задрах өвчин тал талаас минь намайг ширтэн отож байгаа ч гэсэн би өвдөж зоволгүй эрүүл саруулаараа байна. Владивосток, Япон, Шанхай, Чифу, Суэц гэх зэргээр, магадгүй Саран дээр ч булчин задрах тахал байгаа байх гэж санагдахаар, хаа сайгүй л хөл хорио, айдас хүйдэс. Сахалинд булчин задрах халдварт өвчин хэзээ мөдгүй орж ирнэ гэж хүлээгээд, хөлөг онгоцнуудаа хорионд байлгаж байна. Ер нь ажил хэрэг тун явцгүй байна. Владивостокт европчууд олноороо үхэж үрэгдэж байна, сураг сонсоход нэг генерал, эмэгтэй нас барсан гэнэ.
1890.9.11-нд Алексей Суворинд бичсэн Антон Чеховын захидлаас.
Нутагтаа буцаж ирээд Чехов аян замын тэмдэглэл, цуглуулсан статистикийн материалаа эмхэлж цэгцлэх ажилд оров. Харин булчин задрах тахал түүнийг нэхэн хөөсөөр Орост тархаж эхэлжээ. 1892 оны эхээр Чехов Москвагаас холгүй Серпуховын гацаанд Мелиховогийн эдлэн газар худалдаж авав. Мөн тэр ондоо практик дээр ажиллаж байгаа эмчийн хувьд тэрээр өөрийн амьдарч буй тойрогтоо халдвараас сэргийлж, булчин задрах тахлын эсрэг цэг байгуулж ажиллах шаардлагатай болов.
Зам харгуй мэдэхгүй, уналга дуудлагад хэрэглэдэг унаа морь нь хашин, эцэнхий туранхай, хөрөнгө мөнгөгүй болохоор Чехов өөрийгөө серпуховын эмч нарын дотроос “хамгийн өрөвдөлтэй” гэж нэрлэсэн бөгөөд энэ бүгдээс шалтгаалж тэрээр амархан туйлдаж ядардаг байлаа. Гэхдээ тариачид түүнийг маш ихээр хүндэлж, аливаа асуудлаар эмнэлгийн тусламж хүсч ханддаг байв. Булчин задрах тахал Орос оронд 1893 оныг дуустал сандаргасан билээ.
...Булчин задрах гайтай тахлаас болж зун ерөнхийдөө тааруухан болж өнгөрөв. ...Уран зохиол, өдөр тутмын аахар шаахар зүйлээр амьдарч, хооллож байгаа болохоор намайг бараг бичихгүй байна гэж та нар гайхаж байгаа байх … … булчин задрах тахал өвчин дуусахаар хүүрнэл зохиолоо барьж авна даа, санаж бодсон зүйл хязгааргүй их болсон.
1893.8.4-нд Николай Лейкинд бичсэн Антон Чеховын захидлаас.
Чехов хэдийгээр булчин задрах тахлын эсрэг хөтөлбөр хэрэгжүүлж, эцэс төгсгөлгүй нааш цааш явсаар байсан боловч уран бүтээлдээ хүч цаг зарцуулж амждаг байв. 1892 онд нийтлүүлсэн “Палата №6”, “Попрыгунья” өгүүллэгийн араас 1893 оны аравдугаар сараас “Сахалин арал” хэмээх найрууллын зарим бүлгийг “Русская мысль” сэтгүүлд нийтлүүлжээ. Уг найруулал бүрэн эхээрээ 1895 оны зургадугаар сард хэвлэгдэж гарсан байна.
Михаил Булгаков: “Залуу эмчийн тэмдэглэл”
Дэлхийн нэгдүгээр дайны он жилүүдэд Михаил Булгаков Саратовын цэргийн эмнэлгийн харьяа Каменец-Подольск, Черновцы дахь фронтын хээрийн эмнэлэгт сайн дурын ажилтнаар ажиллаж эхэлжээ. 1916 оны есдүгээр сараас 1917 оны есдүгээр сар хүртэл Смоленскийн губернийн Никольское тосгонд тэр аль хэдийн онц хамгаалсан диплом бүхий хөдөөгийн эмчээр ажиллав. Энэ хугацаанд тэрээр 15 613 хүнд үзлэг хийхдээ өөрийн биеэр үнэхээр их зүйл үзэж мэдэрсэн ажээ.
...Том, жижиг янз бүрийн шарханд би оёдол тавьж үзлээ. Устаж идээлсэн уушиг, гэмтэж хугарсан хавирга, уушгины хатгалгаа, гэдэсний хижиг, өмөн үү, тэмбүү, ивэрхий, шамбарам, ясны хорт хавдар гээд үзээгүй юм алга. Үзлэгийн дэвтрээ нээгээд тоолж гарав. Яг энэ оройг хүртэл жилийн хугацаанд би 15613 өвчтөн хүлээж авч үзлэг хийсэн байна. 200 хүнийг хэвтүүлж эмчилсэнээс дөнгөж зургаан хүн нас баржээ.
М.Булгаков. “Залуу эмчийн тэмдэглэл”-ээс.
Нэгдүгээр дайны дараа Иргэний дайн залгав. Гартаа зэвсэг барьсан эх орон нэгтнүүдээс гадна булчин задрах, хумхаа, чийг бам, улаан эсэргэнэ, салхин цэцэг, цусан суулга зэрэг олон янзын халдварт өвчнөөр хүмүүс үхэж үрэгдэж байлаа. Хамгийн аюултай нь гэдэсний хижиг өвчин байсан бөгөөд Владивостокт байхдаа Булгаков ч өөрөө энэ өвчнөөр өвджээ.
...1920 оны өвөл. Тэр Пятигорск руу хонуудаар явсан юм. Ирэхдээ “өвдсөн янзтай”. Цамцыг нь тайлтал амьтан явж байна. Маргааш нь толгой нь өвдөж, дөчин хэм хүртлээ халуурав. ...Михаил нүдээ аньж, бараг л үхэнгээ алдаж байхад нь харанхуй шөнөөр би түүн рүү гүйж очсон. Тэр үед цагаантнууд болон Зөвлөлт засгийн хооронд тулаан болж, хотод дээрэм тонуул газар авч, шөнө явахад үнэхээр аймшигтай байсан… Өвчин түүнийг маш их өвтгөж, үе үе ухаан алдаж байсан…
Татьяна Лаппа. “Михаил Булгаковын тухай дурсамж”-аас.
“Хавар нь би гэдэсний хижгээр өвдөж, хэвтэрт орсон юм. ...үхэх шахсан, зун нь бас дахиад өвдсөн” хэмээн 1921 оны хоёрдугаар сард зохиолч өөрөө үеэл дүү Константин Булгаковт дурсан ярьжээ. 1921 оны арваннэгдүгээр сард ээждээ бичсэн захидалдаа хоёр жилийн өмнө Киевт байхдаа бичиж эхэлсэн “Хөдөөгийн эмчийн тэмдэглэл”-ээ Москвад шөнийн цагаар бичиж байгаагаа хуваалцсан ажээ.
“Залуу эмчийн тэмдэглэл” хэмээх цувралд багтсан “Полотенце с петухом”, “Крещение поворотом”, “Стальное горло”, “Вьюга”, “Тьма египетская”, “Пропавший глаз”, “Звездная пыль” зэрэг өөрийн намтраас үндэслэн бичсэн богино өгүүллэгүүд нь 1925-1926 онд Москвагийн “Медицинский работник” сэтгүүлд анх нийтлэгджээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.