Дэлхий даяар коронавирусийн халдвар тархаж байгаа нь хар тамхины наймаа, мансууруулах бодисын зэх зээлд ч нөлөөлж байгааг НҮБ онцолж байна. Хөл хорио, вирусийн тархалттай холбоотой агаарын тээвэр зогсож, олон орон хилээ хааснаар хар тамхийг нууцаар тээвэрлэх, худалдах арга ч өөрчлөгдсөнийг НҮБ-ын Хар тамхины гэмт хэрэгтэй тэмцэх газраас энэ сарын 7-нд гаргасан тайландаа дурджээ.
Тухайлбал, метамфетамин зэрэг синтетик гаралтай хар тамхийг голдуу агаараар буюу онгоцоор тээвэрлэдэг байсан бол одоо газраар, усан замаар тээвэрлэх нь эрс нэмэгдсэн аж. Ингэснээр Европын гол гол боомтууд хар тамхи тээвэрлэх цэгүүд болж байгаа бөгөөд энэ эрсдлийг бууруулахын тулд хилийн шалгалт, хууль сахиулах байгууллагын хяналтыг сайжруулах шаардлагатай байна.
Үүний зэрэгцээ хар тамхи тээвэрлэх, худалдахад тулгарч байгаа саад бэрхшээлийн улмаас хүмүүс амь насанд асар хортой, хямд мансууруулах бодис хэрэглэх, мөн зарим оронд эмнэлгийн буюу өвчин намдаах зориулалтаар хэрэглэхийг зөвшөөрдөг хөнгөн төрлийн мансууруулах бодисын хомсдол үүсэх магадлалтай аж. Ингэснээр хар тамхинд донтогчид хоромхон зуур үхэлд хүргэх магадлалтай бодис хэрэглэх, ДОХ болох ХДХВ-ийн халдвар нэмэгдэх зэрэг эрсдэл үүсэхийг ч мэргэжилтнүүд анхааруулж буй. Хөл хорио, цар тахлын улмаас Афганистан зэрэг мансууруулах бодис үйлдвэрлэгч орнуудын эдийн засаг хямарч, үүнтэй холбоотой хүнд, тааварлашгүй нөхцөл үүсэж болзошгүй байгаа юм.
Х.Инга
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.