Энэтхэг улсын Андра Прадеш мужийн Висахапатнам хотод үйл ажиллагаа явуулдаг LG Polymers үйлдвэрийн 5,000 тн-ы даацтай агуулах савнаас хий алдагджээ. Өмнөд Солонгосын эзэмшдэг тус үйлдвэрээс орон нутгийн цагаар пүрэв гарагийн өглөө хий алдагдаж осол гарах үед ойр орчмын тосгоны айлууд унтаж байжээ.
Ослын улмаас багадаа есөн хүн нас барж, олон зуун иргэн гэмтэж шархдан эмнэлэгт хүргэгдээд байгаа юм. Амь насаа алдсан иргэдийн тоо цаашид нэмэгдэж болзошгүй гэдгийг эрх баригчид анхааруулж байна.
Гэмтэж бэртсэн иргэдийн нүд өвдөх хорсох, амьсгал давчдах нийтлэг шинж тэмдэг илэрчээ. Үйлдвэр гуравдугаар сарын 24-ний өдөр улс орон даяар коронавирусээс сэргийлж хөл хорио тогтоох үед үйл ажиллагаагаа зогсоож өнөөдөр өглөө үйл ажиллагаагаа эргэн сэргээх үед осол гарсан байна.
Хотын цагдаагийн газрын мэдээлснээр 300-400 хүн эмнэлэгт хэвтсэн ба ойролцоох тосгоны 1,500 оршин суугчийг нүүлгэн шилжүүлжээ. Албаны хүмүүс айл гэрүүдийг шалгаж, тусламж хэрэгтэй хүмүүст хүчилтөрөгчөөр хангахаар ажиллаж байна. Эмнэлгийн ор хүрэлцээгүй тул ихэнх орон дээр 2-3 хүн хэвтэж байгаа бөгөөд тэдний ихэнх нь бага насны хүүхдүүд байгаа юм. Үйлдвэрийн эргэн тойрон 3 км-ын радиуст хөл хорио тогтоож, нэвтрэхийг хоригложээ.
Энэтхэг улсад 1984 онд түүхэнд бичигдэх хамгийн том аж үйлдвэрийн осол гарч байсан нь Бопал хотод хортон шавж устгалын үйлдвэрт хий алдагаж 3,500 иргэн амь насаа алдаж байсан явдал юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.