Холливудын нэрт жүжигчин, продюссер Том Круз задгай сансарт кино зураг авалтад орохоор НАСА-тай хамтран ажиллаж байгаа талаар мэдээлжээ. АНУ-ын сансар судлалын станц НАСА-ын тэргүүн уг мэдээлэл үнэн бодит гэдгийг мягмар гарагт баталсан байна.
Том Круз Олон улсын сансар судлалын станц /ОУССС/ дээр кино зураг авах хүсэлтээ илэрхийлжээ. Кино зураг авалтаа амжилттай явуулахын тулд тэрээр Олон улсын сансар судлалын станцад зочлоод зогсохгүй өөрийн биеэр задгай сансарт аялж зургаа авахуулахаар төлөвлөсөн байна.
Дэлхийн тойрог замд аялдаг олон тэрбум долларын үнэ өртөгтэй уг лаборатори дээр 2000 оноос хойш олон улсын одон орон судлаачдын баг ээлжлэн амьдарч байгаа юм. Өнгөрсөн хугацаанд тоотой хэдэн чинээлэг аялагч станцад зочилж байжээ. Тухайлбал поп од Лэнс Басс 2000 оны эхээр зорчиж байсан түүхтэй.
Түүнчлэн хэд хэдэн киноны зургийг ч ОУССС-д авч амжсан байна. 2002 онд IMAX баримтат бүтээл, 2012 онд “Айдсын туйл” шинжлэх ухааны зөгнөлт бүтээлүүдийн зургийг авч байжээ.
Харин Том Круз уг станцад аялахаар болсон Холливудын анхны жүжигчин юм. Тэрээр хэзээ, хэнтэй, хэрхэн ОУССС-д зочлох нь одоогоор тодорхойгүй ч кино зохиол нь сансрын уудам дахь адал явдлыг өгүүлэх нь гарцаагүй ажээ.
Одоогоор ОХУ дангаараа тус станц руу хүн төрөлхтнийг илгээх болон буцааж авчрах эрхийг эзэмшиж байгаа ч SpaceX болон Boeing компаниуд сансар судлалын станц руу хүн нисгэхээр ажилласаар байгаа юм. Албан ёсоор сансарт хүн нисгээгүй ч дээрх компаниуд аяллын тасалбараа хэдий нь худалдаж эхэлсэн.
SpaceX Crew Dragon сансрын онгоцны суудал нэг бүрийг 50 сая ам.доллараар үнэлжээ. Баримтад дурдсанаар сансарт нэг хонохдоо угаалгын өрөө, зарим тоног төхөөрөмж ашиглахад 11,250 ам.доллар, хүнс, агаар бусад зардалд хоногт 22,500 ам.долларын өртөгтэй ажээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Том Круз ч ёстой жинхэнэ од шүү. Тоглосон бүх киноноос нь уйдахгүй ээ. Дахин дахин үздэг ээ