ОХУ-д коронавирусийн халдварын тархалт эрчээ авч 155,000 иргэн халдварлаж, 1,500 орчим хүн нас бараад байна. Гэсэн ч өнөөдрөөс нийслэл Москва хотод явагдаж байгаад хорио цээрийн үеэр зогссон барилга байгууламжийн ажлуудыг дахин эхлүүлээд байна.
Москва хотод барихаар төлөвлөсөн орон сууцны барилгын тэн хагасаас илүү нь буюу 180 гаруй барилгын ажил эхэлжээ. Хотын дарга Сергей Собянин өнгөрөгч дөрөвдүгээр сарын дундуур хотын бүх барилгын ажлыг зогсоох шийдвэр гаргаад байсан юм.
Барилга байгууламжийн салбар коронавирусийн улмаас эдийн засгийн хүнд байдалд орсон гэдгийг Ерөнхийлөгч В.Путин дурдаж байжээ. Энэ салбарын захирлууд Москва Таймс хэвлэлд өгсөн ярилцлагадаа Засгийн газар зээл тусламжийг хөнгөвчлөх тал дээр шийдэл гаргасан гэжээ.
Барилгын ажлыг дахин эхлүүлснээр нийслэлд хэрэгжүүлж буй хатуу чанга хорио цээрийн дэглэм суларч буйн илэрхийлэл гэж харж байна. Харин иргэдэд өөрийгөө тусгаарлах журам анхлан танилцуулснаар гуравдугаар сараас тавдугаар сарын 11 хүртэл үргэлжлэх ёстой.
Одоогийн нөхцөл байдлаар сүүлийн 48 цагийн дотор ОХУ даяар коронавирусийн 20,000 шинэ тохиолдол бүртгэгдэж дэлхийд долдугаарт жагсаж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Москва хотын дарга Собянин нийслэл коронавирусийн голомт болсон ба тархалт оргил үедээ хүрээгүй байгааг сэрэмжлүүлсэн билээ.
Эх сурвалж: The Moscow Times
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.