Нийтлэлч Д.Отгонболд /PhD/-ын цар тахал ба эдийн засгийн ээлжит нийтлэлийг та бүхэнд хүргэж байна.
Урд хөршид өнгөрсөн оны 12 дугаар сард шинэ коронавирусийн тахал дэгдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрчээ. Манай улсад 3-р сарын 10-нд Францын иргэнээс анхны халдварыг илрүүлж өнөөдрийн байдлаар 41 хүн халдвар авсан нь тогтоогдож, бүгд гадаадаас орж ирсэн мэдээтэй байна.
Бид 2-р сарын 1-нд хөл хорионы хатуу дэглэмд шилжиж, бүх шатны боловсрол, сургалтын байгууллагуудын танхимын үйл ажиллагааг 9-р сарын 1 хүртэл хаасан. Харин өнөөдөр зарим үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийг уртасгаж бизнесийн үйл ажиллагааг дэмжиж, иргэдийг буцаад ажлын байрандаа очих нөхцлөөр хангаж эхэллээ.
Засгийн газар мөнгө болон төсвийн бодлогыг яаравчлан идэвхижүүлж 3-р сарын 27-нд долоон шийдвэр гаргасан нь өнөөдөр хэрэгжээд явж байна. 3-р сарын 15-наас хойш тусгай үүргийн нислэгүүдийг эхлүүлж, гадаадад буй иргэдээ эх орондоо авчирсаар байна.
Ипотекийн зээлийн төлөлтийн хугацааг 6 сараар сунгалаа. Шатахууны үнэ ч тодорхой хэмжээнд буурлаа. Үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгжүүдийг журмаар шигшиж, тэдгээрийн ажилчдад сар бүр 200 мянган төгрөг өгөхөөр зохицуулж байна. Мөн НДШ, ХХОАТ-ыг 6 сараар авахгүй, тус хугацаанд төлснөөр тооцож, бичилт хийхээр болсон. COVID-19-ийн нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөний эсрэг дээрх шийдвэрүүд гарснаар макро, микро түвшиндээ ажил хэрэг болоод явж байна.
Гэвч энэ нь хангалттай юу?
Макро эдийн засгийн бодлогын хүрээнд гаргасан шийдвэрүүд онолын хувьд үндэслэлтэй боловч микро түвшинд иргэд, компаниудын үйл ажиллагаанд хэрхэн тусгалаа олж байгаа вэ гэдэг асуудал бүрхэг хэвээр байна. COVID-19-ийн эдийн засагт үзүүлэх нөлөөг тодотгон үзвээс нэгдүгээрт, хөл хорионы улмаас дийлэнх айл өрхийн орлого тасалдах асуудал нэн тэргүүнд үүссэн. Хүн амын гуравны хоёр нь шахуу ядуугийн зэрэглэлтэй манай оронд айл өрхүүдийн орлого гэнэт тасалдсан нь эдийн засаг, сэтгэл санааны хямрал, гүн цочролыг үүсгэсэн нь гарцаагүй. МҮХАҮТ нийт 9043 иргэнээс авсан судалгаанд иргэдийн 70 хувь нь огт хадгаламжгүй болохыг тогтоожээ.
4-р сарын 20-нд танилцуулсан тус судалгааны үр дүнгээс үзвэл иргэдийн 14 хувь нь хадгаламжаараа 1 сар, 8 хувь нь 2-3 сар, 2 хувь нь 3-6 сар, 1 хувь нь 6-12 сар, ердөө 0.4 хувь нь 12 сараас дээш өөрийн хадгаламжаар амьдрах боломжтой гэжээ.
Хоёрдугаарт, өрхийн орлого буурахтай зэрэгцэн тэдний хэрэглээ хумигдаж, худалдан авах чадвар огцом суларснаар нөгөө талд бизнесүүд шоконд орж олноороо дампуурлын ирмэгт тулаад байна. Хүнд нөхцөл байдалд орсон бизнесүүд ажилчдаа халах, чөлөө олгох арга хэмжээг авахаас өөр аргагүй болсноор иргэдийн цалин, урамшуулал зогсох нь тэр. Энэ нөхцөлд бизнесүүд гүрийгээд ажлын байраа хадгалах нь чухал уу? Иргэдэд улсаас өгөх 200 мянгыг авах нь ашигтай юу? гээд дор бүрнээ эрэгцүүлж буй нь гарцаагүй.
Монголд дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ийг задлаад үзвэл Топ-100 ААН 70 хувийг нь үйлдвэрлэж, улсын татварын орлогыг бүрдүүлдэг байна. Топ-100 дотроос эхний 20 нь татварын орлогын тал хувийг нь бүрдүүлдэг гэсэн харьцаатай байдаг гэнэ. Тэгэхээр 200 мянган төгрөгийн тэтгэмж эдгээр топ компаниудад чиглэсэн байх магадлал өндөр байна.
Өөрөөр хэлбэл, Монголд 160 мянга гаруй ААН байдгаас 100-хан компани нийт татварын орлогын 70 хувийг бүрдүүлж байна гэсэн ойлголт юм. Тэгвэл үлдсэн олон мянган компаний хэд нь хаалгаа хааж, хэд нь ажлын байраа хадгалж байна вэ? Олон компани үйл ажиллагаагаа зогсоож, ажилчид нь улсаас 200 мянган төгрөг авахын оронд тэдэнд ажилгүйдлийн тэтгэмжээ авах нөхцлийг нь бүрдүүлж өгч байгаа болов уу гэж таамаглаж болох юм. Ингэвэл энэ жил ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж авагчдын тоо эрс нэмэгдэх магадлалтай. 4-р сард СЭЗИС-иас COVID-19 цар тахлын бизнест үзүүлэх нөлөөний талаар судалгааг танилцуулсан.
Эх сурвалж: Ковид-19 цар тахлын Монголын бизнест үзүүлэх нөлөөллийн судалгаа (300+ ААН), СЭЗИС, 2020.04
Тус судалгаанаас үзвэл COVID-19-ийн халдвараас сэргийлэх арга хэмжээнүүд нь үйл ажиллагаа, зах зээл, бэлтгэн нийлүүлэлт гэсэн үндсэн 3 сувгаар ААН-үүдийн бизнест нөлөөлсөн байна. ААН-үүдийн борлуулалтын бууралтыг дундажлан үзэхэд аялал жуулчлал, тээвэр, үйлчилгээний салбарын борлуулалт хамгийн ихээр буурчээ. Иргэдийн орлого тасарч, ААН-үүдийн борлуулалт буурч, нийгэм, эдийн засгийн асуудлууд хурцаар хөндөгдөхөд төр засгийн зүгээс бизнесүүдийн үйл ажиллагааг шат дараалалтай нээх арга хэмжээг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага үүсэх юм.
Олон улсын байгууллагууд Монгол Улсын эдийн засгийг 2020 онд 2.1 хувийн өсөлттэй байна гэж таамаглаж байхад энэ оны улсын төсөв маань өмнөх оныхоос даруй 9.4 хувиар илүү зардалтай байхаар төлөвлөгджээ.
Эхний 6 сардаа нийт төсвийн алдагдлын 90 хувийг оруулсан байгаа нь сонгууль хүртэл төсвийг ихээхэн тодотгохгүй, сонгуулийн дараа бүрэлдэх төр, засагт ачааны хүндийг тохооно гэсэн танил зураглал харагдаж байна.
Ард түмэнд хайртайгаа гэнэт санасан улс төрчид популизмыг хүчтэй түгээж, иргэд нь сонгуулийн клиентелизмийг ухамсаргүй дэмжих он тохиож буй нь COVID-19-ийн нөлөөний зэрэгцээ улс төрчдийн хэн нь хэн бэ гэдгийг тодорхой таних боломжийг иргэд бидэнд олгож байна.
Монгол Улсад нийтийн ашиг сонирхол гэж байна уу?
Өнгөрсөн 30 жилийн үйл явдлыг тунгааж, нийтээрээ хөгжин дэвжих нийгмийн бодлогыг хэрэгжүүлэх туйлын шаардлага оршсоор буй за. Дэлхийн цар тахлын түүхээс үзэхэд цомхон эдийн засагтай манай улсын хувьд хөл хорио тавигдахад харьцангуй түргэн илаарших магадлал өндөр гэх таамаг бий. Гэвч гадаад зах зээлийн орчин, хүчин зүйлүүдийн нөлөөг харгалзаж, популизм, хувийн ашиг сонирхлыг түр хойш тавьж, энэ жил нийтийн ашиг сонирхол, сайн сайхны төлөө бодлого, шийдвэрүүдийг боловсруулах шаардлагатайг анхаарч улс төрчид нь хүн шиг байж, иргэд нь хариуцлагатай байх ёстойг цаг үе бидэнд сануулсаар байна!
2020.05.06
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.