Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын гишүүд мэдээлэл хийж, эдийн засгийг дэмжих, иргэдийн амьжиргаанд дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар мэдээлж байна. Хэвлэлийн хуралд НХХ-ийн сайд С.Чинзориг, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан нар оролцож байна.
Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх:
-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөлөө.
Нэгдүгээрт, 0-18 насны хүүхэд бүрт 4 сарын 1-нээс 10 сарын 1 хүртэл сар бүр мөнгөн тэтгэмж болгож 100 мянган төгрөг олгоно. Дөрвөн сарын мөнгийг нөхөн олгоно. Дөрвөн хүүхэдтэй айл сар бүр 400 мянган төгрөг авна гэж ойлгож болно.
Хоёрдугаарт, хүнсний талоныг бага орлоготой өрхийн иргэдэд олгодог. 122 мянган иргэн сар бүр 16 000 төгрөг авдаг. Үүнийг хоёр дахин нэмэгдүүлж, 32 мянган төгрөг болголоо. Хүүхдэд 8000 төгрөг олгодог. Үүнийг 16 000 төгрөг болгон нэмэгдүүлнэ. 118 мянган хүүхэд авна.
Гуравдугаарт, Халамжийн сангаас тэтгэвэр авдаг 3600 ахмад байдаг. Сар бүр 188 мянган төгрөг авдаг байсныг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 288 мянган төгрөг болголоо. Мөн хөгжлийн бэрхшээлтэй, өнчин, одой, өрх толгойлсон эцгүүдийн мөнгийг нэмэгдүүлсэн. 10 сарын 1 хүртэл бүгд 288 мянган төгрөг авна.
Эдгээр арга хэмжээнд нийтдээ 31,3 тэрбум төгрөг зарцуулна.
Дөрөвдүгээрт, ноолуурын кг тутамд 20 мянган төгрөгийг малчдад олгоно.
-Санхүүгийн эх үүсвэрийг хаанаас босгож байгаа вэ?
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: -"Ногоон наадам", "Токио-2020" зууны наадам, сургууль, цэцэрлэгийн засварууд, зарим тусгай сангуудаас мөнгө хэмнэсэн. Өрийн удирдлагын тухай хуулиар зарим өрүүдийг хойшлуулах, хүүг хойшлуулснаар төлөвлөсөн зардлууд хэмнэгдсэн. Мөн төсвийн байгууллагуудын хэмнэгдэх зардлууд багтсан. Гэхдээ хөрөнгө оруулалтын зардал хасагдахгүй. Урсгал зардлын хэмнэлтүүдээс дээрх санхүүжилтийг гаргана.
Нийт 793 тэрбум төгрөг зарцуулна. Хүүхдийн 100 мянга, хүнсний талоныг хоёр дахин нэмэгдүүлсэн. Халамжийн тэтгэмжийг 100 мянгаар нэмэгдүүлсэн зардалд 593 тэрбум, ноолуурын урамшуулалд 200 мянган тэрбумыг зарцуулна.
-Төсвийн орлого тасалдсан энэ үед дээрх их мөнгө алдагдлыг улам нэмэхгүй юу?
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: -ҮСХ-оос танилцуулсан мэдээллээр нэгдсэн төсвийн орлого 8 хувиар буурсан. Засгийн газраар батлагдсан тогтоолын эхний хэсэг нь эдийн засгийг идэвхижүүлэхтэй холбоотой. Нүүрсний экспортыг нэмэгдүүлж байна. Хоногт 40-50 машин гарч байсан бол одоо 500 гаруй болоод өссөн. Цаашид экспортоо нөхөөд гаргана гэж тооцож байна.
Сонгууль болоод өнгөрнө. Үүни дараа Монгол улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн бүх амьдрал явдгаараа явна. Бид хэвийн үргэлжилнэ гэдгээр бүх ажлаа төлөвлөж ажиллаж байна.
Энэ арга хэмжээнүүд төсвийн алдагдлыг нэмэгдүүлэхгүй. “Их 20”-ын санал, санаачилга гарчихсан явж байна. Улс орнууд зээлийнхээ хүү, төлбөрийг хойшлуулах боломжтой. Манай улс мөн уг асуудлыг ярьж байна. 5-р сард ОУВС-ийн хөтөлбөр дуусна. Бид хөтөлбөрийг 80-100 хувь хэрэгжсэн гэж үзэж байна. Коронавирустэй холбоотойгоор ОУВС-аас мөн “Их 20”-ийн гаргасан шийдвэр рүү шилжиж орох гэрээ хэлэлцээр хийж байна.
-Европын холбооны жагсаалттай холбоотой мэдээлэл байна. Манай улсыг хар жагсаалт руу оруулах гэж байна гэж?
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: -Европын холбоо жагсаалт гаргах тухай мэдээлэл байгаа юм билээ. Бид тодруулсан. Мэдээллийг нягталж байна, албан ёсны мэдээллээ гаргаагүй байна гэдэг тайлбар хэлсэн.
-Хуулийн байгууллагынхан сэтгүүлчдийн биед халдсан. Хуулийн байгууллагынханд хариуцлага тооцох уу?
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: -Та бүхний хүсэлтийн дагуу шалгалт хийхийг даалгасан. Шалгалт хийнэ. Би хэвлэл, мэдээллийн эрхийг хангаж ажиллах ёстойг хууль хүчний байгууллагынханд анхааруулж хэлж байна. Нөгөө талдаа сэтгүүлч та өөрөө ёс зүйтэй байх ёстой. “Би сэтгүүлч” гээд төрийн хууль, дүрэм зөрчөөд байж болохгүй. Та ёс зүйгүй асуудал гаргасан бол хариуцлага бас хүлээх ёстой.
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орох ёстой гэж зарим хуульчид үзээд байна?
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: -Сонгууль дөхсөн учир хуулийг улстөржүүлээд байх шиг байна. Засгийн газрын тухай хууль өргөн баригдсан. Сонгууль болоход хоёр сарын хугацаа үлдсэн байхад Засгийн газар солигдоод ч яах юм билээ. УИХ ямар шийдвэр гаргана түүнийг нь Засгийн газар дагаж мөрдөх ёстой.
-Ноолурын урамшуулал 20 мянгыг хэрхэн олгох вэ?
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: -Алив харилцаанд хоёр субьект оролцдог. Нэг талдаа малчдаа төлөөлж яам оролцсон, худалдан авагчдаа төлөөлж МҮХАҮТ, Ноос, ноолуур эрхлэгчдийн холбоо оролцсон. Ингээд ноолуур 100 мянгаар худалдаж авах ёстой гэж үзсэн. Сая УИХ-аас тогтоол гаргаад ноолуурын кг тутамд 20 мянга төгрөг олгохоор боллоо. Ингэхдээ оны эхний тооллогыг үндэслэнэ. Малчдын "А" дансанд үндэслэж тооцоо гаргана. Урамшууллыг малчдын дансанд шууд оруулна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Итгэлт баян 1 удаа идэцгээ ууцгаа орой цүү хаяна гэдэг шиг ..цацаад бай цадахгүй бн
Manai uls yamar bayan boloo ve?! Offoshoriin mongoo oruulaad irj dee tiim u? Zeel avaagui ahmadaas busad n mongo avch yamar neg tetgelegt hamragdchih yum ene humuustee amlaad baisan tsaasaa mongon helbereer dansand hiichihmeer yum daa.tegvel ch ih byan bolnoo doo.