Төв талбайн урд байрлах Хонхтой цэцэрлэгт хүрээлэн бол манай анхны цэцэрлэгт хүрээлэнгүүдийн нэг. Тиймээс ч хосуудын хайрын түүхийг хамгийн их бичилцсэн газар гэж хэлж болно. Гэтэл энэ цэцэрлэгт хүрээлэнд сүүлийн 20 гаруй жил гар хүрээгүй гэнэ. Иймээс тус цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, олон улсын стандарт, шаардлагад нийцсэн, нийслэлчүүд амралт, чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрөөх орчин бүхий хөгжмийн хэмнэлээр дуугардаг усан оргилуур, дугуйн зам, нэг дор 30 гаруй хүн үйлчлүүлэх боломжтой хоёр нийтийн бие засах газар байгуулахаар болсноо нийслэлийн удирдлага өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр мэдэгдсэн.
Харамсалтай нь, хэсэг иргэн, улстөрчид энэ ажлыг харлуулж, хэдэн зуун мод, ургамал устгах гэж байгаа мэтээр мэдээлэл цацаж, бүтээн байгуулалтын ажлын эхлэх, дуусах хугацааг чамгүй хойш татсан юм. Угтаа энэ газар 2006 онд хувийн компанийн мэдэлд шилжиж, банкны 10 сая ам.долларын барьцаанд тавигдсан байсныг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнгөрсөн онд цуцалж, олон нийтэд зориулсан орчин үеийн цэцэрлэгт хүрээлэн болгох шийдвэр гаргасан байдаг.
Зураг төслийн уралдаан зарлаж, түрүүлсэн бүтээлээр нь ийнхүү цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг эхлүүлэхэд бэлэн болсон ч зарим хүний эсэргүүцэлтэй тулгарсан нь энэ. Тэгвэл өдгөө бүтээн байгуулалтын ажил ямар шатандаа явааг бид газар дээрээс нь сурвалжлан хүргэж байна.
Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын талаар хүмүүс байн байн янз бүрээр, тэгэхдээ аль болох харлуулах мэдээлэл цацах болсон тул бүтээн байгуулалтын ажлыг хийж буй Нийслэлийн хот тохижилтын газрынхан байгаа мэдээллийг байгаагаар нь гаргах шаардлагыг бидэнд тавьснаар эргэн тойрон хашаагаар хүрээлэгдсэн цэцэрлэгт хүрээлэн рүү нэвтэрлээ. Үүдээр нь ороход шар, цэнхэр, ногоон өнгийн ажлын хувцастай хот тохижилтын ажилчид хэн нэгэн ирж байгааг анхаарах сөхөөгүй энд тэнд хэсэг хэсгээрээ ажлаа үргэлжлүүлж байв.
Хаалгаар оронгуут баруун гар талд монгол гэрийн хэлбэртэй гэмээр, мод овоолсон мэт байгууламж байсан нь нийтийн бие засах газар гэнэ. Бетон цутгалтыг хийгээд байгаа нь энэ аж. Тус цэцэрлэгт хүрээлэн нь 1.6 га талбайг хамардаг бөгөөд 85 метр урт, 14 метр өргөн хөгжмийн хэмнэлээр оргилдог усан оргилуур, 800 ам метр дугуйн талбай, хоёр нийтийн бие засах газар байгуулахаар төлөвлөсөн. Үүнд нийт 3.2 тэрбум төгрөг зарцуулж байгаа юм. Бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байгаа учраас шувуу дуугарах нь байтугай тэр аяараа цагаан тоосонд дарагдсан байх болов уу гэтэл болжмор жиргэж, модод нахиалж, сийрэгжүүлсэн бололтой бор хөрснөөс нялх ногоо цухуйж, эрхгүй хавар цагийг санагдуулна.
Зарим хүний хэлээд байсан шиг мод сүйтгэсэн, эсвэл хугалж, хөрөөдсөн зүйл алга. Нийслэлийн хүчилтөрөгч үйлдвэрлэгч ногоон байгууламж устаж, аюулд орсон юм бол бүр байхгүй байв. Харин ч бүр моднуудыг угааж, усалж байгаа харагдсан. Мөн талбайн хөрсийг бүхэлд нь сийрэгжүүлсэн бөгөөд тун удахгүй зүлэгжүүлж, моднуудыг төрөлжүүлэн суулгаж, хэлбэржүүлнэ гэх мэдээллийг өглөө. Шөнөдөө хасах хэм байгаа учраас одоо зүлэгжүүлэх хугацаа болоогүй гэдгийг ч онцолсон. Түүнчлэн зураг төсөлд орсон цөөн модыг Бээжингийн гудамжинд шилжүүлэн, суулгасан, арчилгаа, хяналт байнга тавьж байгааг ч дуулгалаа. Цэцэрлэгт хүрээлэнгийн гарц, орцыг нэмэгдүүлснээс гадна ногоон байгууламжийн автомат усжуулалтын систем ойролцоох газруудаа хүний шаардлагагүй услах гэнэ. Явган хүний замыг боржин чулуун хавтангаар тавихаар цайвар өнгийн хавтангуудыг хашаа түшүүлэн өржээ. Элэгдэж, хуучирсан хавтангуудыг авч, шинийг тавих ажлыг эхэлж байв. Цэцгийн мандлыг ч мөн гантиг чулуугаар хийх гэнэ.
Уг нь ажил дөрөвдүгээр сарын 1-нд эхлэх байсан ч зарим хүний эсэргүүцэлтэй тулгарч, дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл юу ч хийж чадаагүйгээ Нийслэлийн хот тохижилтын газрынхан учирласан. Тиймээс ч алдсан цаг хугацаагаа нөхөж, ирэх сарын 5-нд ашиглалтад оруулахын тулд тэд завгүй ажиллана. Гэхдээ барилгын норм, дүрэм, журам, бетон хаталтын хугацаанаас хамаарна гэсэн. Мод тарьж, хадаас ч хадаж үзээгүй хүмүүс тэдний ажлыг эсэргүүцэж “Царай муутай, цалин багатай, халтар юмнууд” гэж доромжилсонд бухимдаж байснаа ч нуугаагүй. Гэхдээ өдгөө 150-160 хүн ажлаа цагт нь дуусгахаар өдөр, шөнөгүй, хоёр ээлжээр ажиллаж байна.
Бүтээн байгууллатын ажлыг хэн нэгэн хүний хувийн компани хийсэн бол хардаж болох ч үнэндээ Нийслэлийн хот тохижилтын газрынхан энэ ажлыг гүйцэтгэж буй. Тэд өмнө нь Ерөнхий сайд Б.Цэрэндоржийн буюу “Битлз” хамтлагийн хөшөө бүхий гудамжийг засаж, сайжруулж байсан туршлагатай. Мөн хэн хүнээс илүү сэтгэл, зүтгэлтэй ажиллах хүмүүс гэдэг нь тодорхой.
“Хэрэв үнэхээр нураах гэж байсан бол Нийслэлийн хот тохижилтын газар энэ ажилд гар бие оролцохгүй. Бид Улаанбаатар хотыг ногооруулж, хот тохижилт, цэцэрлэгжүүлэлт хийдэг хүмүүс. Усан оргилуурын цутгалт бараг дуусаж байна. Задгай театр ч мөн хийгдэж байгаа. Ажил ерөнхийдөө 50 хувьтай яваа. Газар доогуурх инженерийн шугам сүлжээ, сантехник, байгууламжийн ажлын 90 орчим хувийг хийсэн. Мөн ногоон байгууламжийн автомат усжуулалтын системийг хийгээд дуусаж байна. Зүүн талын нийтийн бие засах газрын цутгалтын ажил дууссан. Баруун талынх нь хийгдэж байна. 1.6 га гэдэг 160 мянган ам метр талбай. Энэ бүрт манай Хот тохижилтын газрын мэргэжлийн хүмүүс гар бие оролцож, сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байна” хэмээн Нийслэлийн хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж ярьсан.
Мөн цэцэрлэгт хүрээлэнд Монголд авто замын салбар үүсэж, хөгжсөний 90 жилийн ойд зориулсан хөшөөг босгосон байв. Түүнчлэн Энхтайваны хөшөө, АСЕМ-ын хөшөө ч өнгө төрхөө алдаж, хуучирсныг сайжруулж, сэргээн засна гэсэн. Төрийн дуулалтай хөшөө л гэхэд үг нь харагдахааргүй, соёмбыг нь авчихсан, цаг нь ажиллахгүй болсон байв. Нийслэлийн хот тохижилтын газрынхан үүнийг засаж сайжруулахаас гадна “Нэг ч зүйл алга болоогүй, бүх зүйл хэвэндээ байгаа. Харин ч бид нэмж засаж, сайжруулж байна” гэдгээ дахин дахин онцолсон юм.
Энэ үеэр Нийслэлийн хот тохижилтын газрын Тохижилт, үйлчилгээний албаны дарга Ш.Ганчулуунаас зарим зүйлийг тодрууллаа.
-Хүндрэл бэрхшээлтэй зүйл юу байна вэ?
-Сүүлийн үед барилгын материал, цемент тасрах магадлалтай байна. Тэрнээс өөр зүйл байхгүй. Энд устгал сүйтгэлийн ажил явагдаагүй. Бүтээн байгуулалтын ажил явагдаж байгааг онцолъё. Тодорхой хугацааны дараа хүмүүс амарч, зугаалдаг, аятай таатай орчин бүрдсэн газар болно.
-Хугацаандаа ашиглалтад орж амжих болов уу?
-Бид оруулахын төлөө хичээж ажиллана. Биднийг турхирч, ажилд маш их садаа болсон. Ганц ч мод хугалаагүй, сүйтгээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Усалгааны систем ашиглалтад ороход бэлэн болоод байна. Бид ард түмний өмнө тайлангаа тавина, дүгнэнэ. Цаг хугацаа бүхнийг харуулна.
Э.Эрдэнэцэцэг
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Монгол гэрийн хэлбэртэй жорлон байна гэдгийгээ анхаараарай. Эвгүй санагдаж байна шүү. Та нарт амжилт хүсэе.
Яаж ийгээл өө олчих сда юмаа. Тэгээд жорлонгшй байх сайхан жу