ОХУ-д коронавирусийн тархалтыг зогсоохоор хорио цээрийн хатуу чанга дэглэм тогтоосон нь гэр бүлийн хүчирхийллийг хоёр дахин нэмсэн гэдгийг төрийн бус байгууллагуудын хийсэн судалгаагаар харуулжээ.
Өнгөрсөн гуравдугаар сард тус улсад 6,000 орчим хүчирхийллийн талаарх мэдээлэл, гомдол бүртгэгдсэн бол дөрөвдүгээр сард хоёр дахин их буюу 13,000 мэдээлэл, гомдол бүртгэгджээ. Уг мэдээлэл Оросын цагдаагийн байгууллагын өгсөн мэдээллээс эрс тэс зөрж байгаа юм.
Долоо хоногийн өмнө цагдаагийн газраас хорио цээрийн үед гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 13 хувиар буурсан тухай мэдэгджээ. Төрийн бус байгууллагууд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй хүмүүс хорио цээр тогтоосон тул цагдаагийн газарт биечлэн мэдэгдэх боломжгүй болсон тул өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад буурсан үзүүлэлт харагдаж байгаа гэж тайлбарлаж байна.
Европын улс орнуудад иргэдийг гэртээ байхыг шаардсанаар согтууруулах ундааны хэрэглээ нэмэгдэж, гэр бүл доторх хүчирхийлэл нэмэгдээд байгаа юм. Ихэнх хохирогчид нь хүүхэд болон эмэгтэйчүүд байна. Тухайлбал Испани улсад яаралтай тусламжийн утсанд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага хорио цээрийн үед 30 хувиар өсчээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.