СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Өмнөд Йемен салан тусгаарласнаа зарлалаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Соёл, үндэстний хувьд ялгаатай Өмнөд Йемений хувьд Йемений Бүгд Найрамдах Улсаас тусгаар тогтнох, өөртөө засах эрхээ тунхаглах нь хэзээд чухал байсаар ирсэн. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 26-нд Өмнөд Йемений Шилжилтийн зөвлөл салан тусгаарласнаа тунхаглаж, өөрсдийн Засгийн газраа байгуулахаа мэдэгдээд зогсохгүй Аден дэх стратегийн ач холбогдол бүхий газруудад харуул гаргалаа. Өөрсдийнх нь эрх ашигт халдаж, энхийн хэлэлцээрийг зөрчсөн гэж тэд Йемений Ерөнхийлөгч Абд-Раббу Мансур Хадиг буруутгаж байгаа юм.

Харин Хадигийн Засгийн газар өмнөдүүдийг дайн өдөөхийг санаархаж байна гэж үзэн, бослогыг дарахад туслахыг Саудын Арабаас хүслээ. Салан тусгаарласнаа зарласан өмнөдийнхнийг буруутгаж байгаа Эр Рияд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Йемений эрх баригчид болон Өмнөд Йемений хоорондын энхийн хэлэлцээр ийнхүү дуусгавар болсонд зовниж буйгаа илэрхийлсэн байна. Саудын Арабын санаачилгаар өнгөрсөн онд Эр Риядад болсон хэлэлцээрийн дүнд хоёр тал энхийн гэрээ байгуулсан ч тэд аль алийнх нь төлөөллийг багтаасан эвслийн Засгийн газар байгуулж чадаагүй билээ.

Бүс нутагт геополитикийн томоохон хямрал өдөөж магадгүй энэ зөрчилд хоёр талаас гадна Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират ч оролцож магадгүй байгаа юм. Учир нь, эрх баригч Хадигийн талыг Саудын Араб, салан тусгаарлагч өмнөдүүдийг Арабын Нэгдсэн Эмират дэмжиж буй. Сүүлийн 20 жилийн турш салан тусгаарлахын төлөө тасралтгүй тэмцэж ирсэн Өмнөд Йемен нь 1967-1990 онд Ардчилсан Йемений Бүгд Найрамдах Улс нэртэйгээр Аденд нийслэлтэйгээр оршин тогтнож байв.

Харин хоёр Йемен нэгдсэнээс хойш өмнөдийн улс төр, нийгмийн элитүүд, зүтгэлтнүүдийг эрх барих, шийдвэр гаргах түвшинд шахсаар ирсэн нь зөрчлийн суурийг тавьж, Адены салан тусгаарлах үзэл улам бэхжиж, 2007 онд Өмнөдийн хөдөлгөөн буюу Өмнөдийн шилжилтийн зөвлөлийг байгуулсан юм. Хожим 2015 онд Ираны дэмжлэгтэй шийт буюу хусит бүлэглэлийнхэн Умард Йеменийг эзэлж, Аден руу халдсан бөгөөд иргэний дайн, зөрчлийн үед хоёр тал аргагүйн эрхэнд нэгдэж хуситуудтай тэмцэж байсан билээ. Ажиглагчдын зарим нь өмнөдүүд салан тусгаарлах нь цаг хугацааны л асуудал байсан гэж онцолно.

Өөрөөр хэлбэл, шашин шүтлэг, соёл ахуй, засаглалын хувьд хоорондоо эрс ялгаатай хоёр талыг Өмнөд ба Умард гэж хуваан, тусгаар тогтносон, өөрсдийн гэсэн засаг төртэй байхыг зөвшөөрөх нь иргэдэд ч, бүс нутгийн хувьд ч тайван байдлыг хангахад чухал гэж үзэж байгаа юм. Гэтэл Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират, Иран зэрэг бүс нутагтаа өөр өөрийн ашиг сонирхол бүхий хүчнүүд Арабын хойгийн стратегийн чухал газар болох Баб-эль-Мандебын хоолойд хяналтаа тогтоохын тулд хоёр Йемений тусгаар тогтнолыг буруушааж, эсэргүүцэх нь бий. Нөгөөтэйгүүр, улс төрийн энэ байдлаас гадна хусит бүлэглэлээс үүдсэн иргэний дайн, их бороо, үерийн улмаас нүүрлэсэн хүмүүнлэгийн хямрал, өвчин нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна.

Х.Инга

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.