СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

А.Халиунаа: МСҮТ-ийн элсэлт есдүгээр сар хүртэл үргэлжилнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Энэ удаагийн “Элсэлт-2020” буландаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга А.Халиунааг урьж, ярилцлаа.

-Цаг үеийн сэдвээр ярилцлагаа эхэлье. “COVID-19”-ийн үед МСҮТ сургалтын үйл ажиллагаагаа хэрхэн явуулж байна вэ?

Манай салбар бусад сургуультай харьцуулахад онцлог ихтэй. Дандаа цахимаар хичээллээд байх боломжгүй. Гэхдээ Ерөнхий эрдмийн хичээлийн агуулга таарахаас гадна манай суралцагчид 60 хувь буюу хөнгөвчилсөн хэлбэрээр үздэг учраас теле хичээлээс хангалттай мэдлэг, мэдээлэл авч байна. Үүнээс гадна мөн онол, практик хосолсон мэргэжлийн хичээлүүд, дадлага ажлууд ордог. Жишээ нь, Энэ жилийн хувьд бид “COVID-19” халдварын тархалтаас болоод хичээллэж чадахгүйд хүрч байна. Тиймээс хүүхэд бүрт хүрч ажиллах үүднээс хичээл, сургалтын материалуудаа цахим хувилбараар, CD хэлбэрээр, хэвлэмэл байдлаар хэвлэн хүүхдүүддээ хүргэж байна.

Орон нутагт байгаа суралцагчиддаа хүрч ажиллахын тулд манай багш нар баг болж хуваагдан аймгуудаар явж, цахим хичээлийг гэрт нь хүргэж өгч байна. Бид араас нь хяналт тавьж, судалгаа хийж байгаа учраас агуулгын хоцрогдол гарахгүй байх. Агуулгын хоцрогдол гарвал анги дэвших хүүхдүүддээ ирэх намар танхимын сургалтаар нөхөж заах боломжтой гэж тооцоолж байна. Төгсөх ангийнхны хувьд агуулгын хоцрогдол үүсгэхгүйн тулд хүүхэд бүрт хүрч ажиллах зохицуулалтуудыг хийж байна.

-Цахимаар хичээллэх, сургалтын материалуудыг хэвлэмэл байдлаар бэлтгэж тараахад хүндрэл гарч байна уу?

-Цахим хичээлийг бэлтгэх, хүргэхэд хүндрэл бэрхшээл үүсэх зүйлгүй. Учир нь манай сургуулиуд өмнө нь цахим хичээл бэлтгэх төслүүдэд байнга хамрагдаж байсан. Мөн аймгуудын бүсчилсэн сургалтын төвүүдэд цахим хичээл хийх бичил студи бий. Эдгээр нь жаахан хоцрогдсон ч гэлээ сургалтын хэрэглэгдэхүүн, бүх тоног төхөөрөмж байгаа. Энэ нөхцөл боломждоо тулгуурлаад үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.

-Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд хэчнээн МСҮТ, Политехник коллеж сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа вэ. Элсэгчдийн тоо ямар байна вэ?

-2019-2020 оны хичээлийн жилд  улсын хэмжээнд мэргэжлийн боловсрол, сургалтын 84 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Үүний 51 нь төрийн, 33 нь төрийн бус өмчийнх. Эдгээр сургалтын байгууллагад нийт 37.806 суралцагч аж үйлдвэр, барилга, тээвэр, уул уурхай, үйлчилгээний гэсэн 16 салбарт ажиллах 230 гаруй мэргэжлээр суралцаж байгаагийн 18.775 нь төгсөх ангийнх. Тэд зургадугаар сард цахим хичээлээ дуусгаад төгсөнө. Зарим нь ажлын байрны захиалгат сургалтад хамрагдаж байна. Ажлын байртай болчихоод ажиллаж байгаа хүүхэд ч цөөнгүй бий. 

-Сүүлийн жилүүдэд МСҮТ-д суралцах хүүхдүүдийн тоо нэлээд өссөн. Энэ нь олон хүчин зүйлтэй холбоотой байх. Засгийн газрын дэмжлэг, богино хугацааны сургалтууд, суралцагч бүрт өгдөг тэтгэлэг гээд?

-Нэг үеэ бодвол залуусын хандлага өөрчлөгдөж, МСҮТ-д суралцах хүсэлтэй хүүхэд залуучуудын тоо өссөн. Гэхдээ сүүлийн хоёр жилд элсэгчийн тоо бууралттай харагдаж байгаа нь ес, арванхоёрдугаар анги төгсөгчдийн тооноос хамаарч буй юм. Энэ нь тухайн жилийн төрөлт багассантай холбоотой. Мөн тухайн жилийн эдийн засгийн өсөлтөөс хамаарч мэргэжлийн боловсон хүчний эрэлт буурах тал бий. Харин 2019 оны хичээлийн жилээс энэ бүхэнд нэлээдгүй өөрчлөлт гарсан. Улс орны эдийн засаг сэргэж, ажлын байрны захиалга ч нэмэгдэж байна. Үүнийг дагаад суралцах хүүхдүүдийн тоо бас өссөн.

-Засгийн газраас сүүлийн жилүүдэд мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт онцгойлон анхаарч, суралцагчдад сар бүр 200 мянган төгрөгийн тэтгэлэг олгодог болсон. Багш нарын ажиллах орчин нөхцөл ямар байгаа талаар мэдээлэл өгөөч?

-Засгийн газар мэргэжлийн боловсрол сургалтын салбарт анхаарч ажилласны үр дүнд “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгасан олон зорилтыг бид амжилттай хэрэгжүүлж байна. Тухайлбал, өнгөрсөн жил бид Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багш нарын улсын анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулсан. Энэ зөвлөгөөнөөр мэргэжлийн боловсролын салбарын бодлого, шийдэл, цаашдын чиг хандлагын талаар олон чухал асуудлыг хэлэлцсэний нэг нь  багшийн хөдөлмөр, нийгмийн баталгаа, цалин хөлсний нэмэгдэл байсан. Багш нар тулгамдаж буй асуудал, зовлон жаргалаа чөлөөтэй ярилцаж, шийдвэр гаргачидтай гарц гаргалгааг хамтдаа хэлэлцсэн. Үр дүнд нь  багш нарын нийгмийн асуудал, цалин хөлс, илүү цагийн урамшуулал зэрэг олон чухал асуудал шийдэгдсэн. Тухайлбал, 2017 оноос хойш огт нэмэгдээгүй байсан багш нарын цалин хөлсийг үе шаттайгаар 38 хүртэл хувиар нэмэгдүүлсэн. ЕБС-ийн багш нартай харьцуулахад манай багш нар урамшуулал огт авдаггүй байсныг өөрчилж сарын 5-15 хувь хүртэлх үр дүнгийн урамшууллыг авдаг болсон нь багш нарын амьдрал ахуйд нэлээд дэмжлэг болж байгаа. Цалин урамшууллыг нэмэхээс гадны багш нарын ажлын байранд үнэлгээ хийж, нэг багшийн ажлын ачааллыг үнэлж багц цагийн ачааллыг 45-аас 36 хүртэл бууруулж өгснөөр багш нар илүү заасан хичээлийнхээ цагийг тооцуулан авах боломжтой болсон.

-Суралцагчдад сар бүр олгодог тэтгэлгийг энэ цар тахлын үед хэрхэн тооцож байгаа вэ?

-МСҮТ, Политехник коллежид суралцагчдад 2020 оны шинэчлэгдсэн журмаар үндэсний тэтгэлэг 200 мянган төгрөгийг олгож байна. Тэтгэлгийн журамд танхимын сургалтад хамрагдсан тохиолдолд олгоно гэж заасан байдгийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд онцгой байдлын үед хөл хорионоос шалтгаалаад танхимын сургалтад хамрагдаж чадахгүй байгаа хэдий ч тэтгэлгийг бүрэн олгохоор шийдвэрлэсэн.

-Энэ жил элсэлтээ яаж зохион байгуулах вэ?

-Сүүлийн жилүүдэд мэргэжлийн боловсрол сургалтын салбарыг сонирхож, ур чадвартай мэргэжилтэн болох нь дээд сургуульд сурахаас илүү гэдгийг ойлгодог болсон. Харин энэ жилийн хувьд хөл хорионы улмаас мэргэжлийн чиг баримжаа олгох мэдээллүүдийг хүүхдүүддээ хүргэж чадахгүй байна. Жишээ нь, хүүхдүүд гагнуурчин гэсэн мэргэжлийн төсөөлөл төдий л ойлголттой ирэхэд бид тухайн мэргэжлийн талаар биечлэн танилцуулж, юуг яаж хийх талаар ойлгуулдаг байсан бол энэ жилийн хувьд энэ бүх боломж хумигдсан, элсэлтээ зөвхөн цахимаар зохион байгуулах боломжтой. Дээрээс нь боловсролын салбарын бодлого өөрчлөгдөж байна. Бусад улс орны бодлого дээшээ харсан гурвалжингаар дүрслэгддэг. Өөрөөр хэлбэл, мэргэжилтэй ажилтнаа түлхүү бэлтгэж, дээд боловсролтой иргэдээ цөөхөн бэлтгэдэг бол  манай улсад эсрэгээрээ ЕБС-ийн төгсөгчид төлбөр өндөр ч гэлээ их, дээд сургуулийг илүүтэй сонгож байна.

Энэ жил IX анги төгсөж буй бүх сурагчийг анги дэвшүүлэн суралцуулахаар болсон нь 2.5 жилийн ангийн хувьд элсэлт хүндхэн болох нь.  Дээрээс нь их, дээд сургуулийн босго оноо нэмэгдээгүй болохоор ЭЕШ-д 800 онооноос талыг нь авахад л их, дээд сургуульд орох эрхтэй болж байгаа нь манай салбарт сөргөөр нөлөөлөх талтай.

-Энэ жил МСҮТ, Политехник коллежид хэдэн хүүхэд элсүүлэх вэ. Урьдчилсан тооцоо гарсан уу?

-Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагуудын элсэлт эхэлсэн.  Ирэх есдүгээр сар хүртэл  үргэлжилнэ.  Манай салбар жилд 20 мянга орчим элсэгч авдаг ч 2020-2021 оны хичээлийн жилд 25 мянга орчим элсэгч авах төлөвлөгөөтэй байна. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулах, төлөвлөсөн элсэгчдээ хүлээж авах  зэрэгт нь багагүй хүндрэл үүсч байна.

-Мэргэжил сонголтын хувьд хэр өргөжиж байгаа вэ?

-Мэргэжлийн боловсролын салбарт суралцагчдын 70 гаруй хувь нь төгсөөд шууд ажлын байртай болдог. Мөн өөрөө өөртөө ажлын байр бий болгох боломж ч өндөр. Тиймээс Ерөнхий боловсролын сургуулийн  есдүгээр анги төгссөн 14-15 настай хүүхдүүд МСҮТ-д 2.5 жилийн хугацаанд хүссэн мэргэжлээрээ сурахын хамт бүрэн дунд боловсрол эзэмшдэг. 2.5 жил сурч  төгсөөд Политехник коллежид элсэн дараагийн шатны буюу техникийн боловсролыг 1.5 жилийн хугацаанд эзэмших боломжтой. Арванхоёрдугаар анги төгсөгчид мэргэжлийн боловсролын нэг жилийн болон техникийн боловсролын гурван жилийн ангид элсэн суралцаж болно. Мөн насанд хүрэгчид нэг жилийн хугацаатай буюу богино хугацааны сургалтаар мэргэжил, ур чадварыг эзэмших боломжтой.  Тиймээс манайхыг сонгон суралцах хүн бүрт мэргэжлийн боловсролын салбарын үүд хаалга нээлттэй байх болно гэдгийг хэлэх байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.