АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Аризона дахь амны хаалтны үйлдвэрээр зочлох үедээ коронавирусийн тархалтын эсрэг тэмцэж буй Цагаан ордны ажлын хэсгийг энэ сарын сүүлч, ирэх сарын эхэн гэхэд татан буулгахаа мэдэгджээ.
Хэдийгээр АНУ-д коронавирусийн халдварын 1,2 сая гаруй тохиолдол илэрч, 72,000 иргэн нас барсан ч улс орны нөхцөл байдлыг хуучин хэвэнд нь оруулах илүү чухал гэдгийг Трамп хэлсэн байна. Нэгдсэн улсад хоногт 20,000 орчим шинэ тохиолдол бүртгэгдэж, 1,000 гаруй хүн нас барж байна.
Эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг эргэн сэргээвэл вирусийн тархалт улам нэмэгдэж болзошгүй гэдгийг анхааруулсаар байгаа юм.
Трампын үргэлжлүүлэн ярьснаар “Майк Пенс болон ажлын хэсэг хүлээсэн үүргээ гайхалтай биелүүлсэн. Гэвч бид арга барилаа жаахан өөрчлөх хэрэгтэй болж байна. Шинэ төлөвлөгөө бол аюулгүйгээр зогсонги байдалтай эдийн засгаа эргэн нээж, дахин сэргээх юм. Тиймээс өөр ажлын хэсэг томилох хэрэгтэй” гэжээ.
Трамп үйлдвэрт зочлохдоо хамгаалалтын нүдний шил зүүсэн байсан ч амны хаалт хэрэглээгүй байна. Шүүмжлэгчдийн зүгээс Ерөнхийлөгчийг ирэх 11 дүгээр сард болох сонгуулийн бэлтгэлээ хангахын тулд олон нийтийн эрүүл мэндийг эрсдэлд оруулж, эдийн засгийг сэргээхээр оролдож байна хэмээн буруутгаж байгаа юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.