СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-05-05

Шинэ ургацын ногоо ченжүүдийн гараар орж, тэнгэрт тулсан үнэтэй зарагдаж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Хаврын адаг сар гарч, хүлэмжийн шинэ ургацын ногоо хэрэглэгчдийн гарт хүрч эхэлжээ. Хүлэмжийн ногооны голлох бүтээгдэхүүн болох ногоон өргөст хэмх, улаан лооль болон навчит нарийн ногоонууд хэрэглэгчдийн дунд эрэлттэй байгаа ч үнийн хувьд хэт өндөр байгаа тухай иргэд ам уралдан ярьж байна. Тодруулбал, шинэ ургацын улаан лооль зарим худалдааны төв, хүнсний дэлгүүр, томоохон супермаркетуудад 12500-15000 төгрөг, өргөст хэмх 8000-10000 төгрөгийн үнээр борлуулагдаж байна. Гэтэл.

Олон сар хөл хорио тогтоож, иргэдийн олонхи нь ажил, орлогогүйн улмаас өнөө, маргаашийн хоол хүнсээ арайхийн залгуулж буй энэ үед иргэд алийг нь сонгох нь тодорхой биз. Эрүүл хүнс хэрэглэх хүсэл хэн бүхний цээжинд байвч, хэтэвчинд нь тэр зэргийн бэнчин байхгүй хүн хэтэрхий олон. Тиймдээ ч гэж шинэ ургацын ногоог “Дээдэст зориулсан хүнс” хэмээн нэрлэж, эгдүүцэх хандлага олны дунд үүсжээ.“Бөмбөгөр” худалдааны төвөөр үйлчлүүлж буй иргэн Б.Жаргалмаа “Дөнгөж сая монгол сонгино 7000 төгрөгөөр авлаа. Монгол гэдэг нэрийдлээр амандаа орсон үнэ хэлэх юм. Шинэ ургац гарахаар үнэ буурдаг баймаар юм” хэмээн сэтгэгдлээ илэрхийлэв. Харин хүнсний ногооны худалдаачид “Энэ жил худалдан авагчид харьцангуй цөөн. Их хэмжээгээр хүнсээ цуглуулах хүн ховордсон. Олон хагас килограмм болон түүнээс бага хэмжээгээр авч байна. Өнгөрсөн жилийн өдийд шинэ ургацын ногоог уралдах шахам, багадаа 3-5 килограммаар авдаг байлаа” хэмээн хуучлав.

Үнэхээр ч худалдааны төвөөр үйлчлүүлэгчид жижгэвтэр торонд цөөн хэдэн төрлийн ногоо хийж барьсан байх бөгөөд зарим нь дэмий сэлгүүцэж, лангуу дамжин үнэ асууж, хямдруулах эсэх тухай худалдагчийг залхтал шахам асууж харагдана. Шинэ ургацын ногоо яагаад ийм үнэтэй байгаа талаар зарим аж ахуйн нэгж, өрхийн тариалан эрхлэгчдээс тодруулахад “Монгол улсад өвлийн хүлэмжтэй цөөн тооны аж ахуйн нэгж байдаг. Олонх нь зах зээлд монополь учраас хүссэн үнээ хэлдэг.

Мөн жижиг аж ахуйн нэгжүүдийн хувьд галлагаанаас эхлээд өртөг, зардал, арчилгаа ихтэй тул бүтээгдэхүүн харьцангуй өндөр үнэтэй байдаг” гэх тайлбарыг өгөв. Хэдий тийм ч хамгийн үнэтэйд тооцогдох үхрийн цул махтай дүйцэхүйц үнэ хэлэх нь ядарсан ардад “Тэнгэрт тулсан” үнэ болж буйг дуулгая. Эсвэл шинэ ургацын эрүүл монгол хүнс гэх гоёмсог нэртэй ногоо оройн хоолныхоо махыг граммлаж авч буй ядарсан иргэдэд хүртээлгүй зүйл үү.

ХЯТАД НОГООГ ШИНЭ УРГАЦЫНХ ХЭМЭЭН ИРГЭДИЙГ МЭХЭЛЖ БАЙНА

Өвөл, хаврын цагт эрүүл, монгол ногоо олж хэрэглэнэ гэдэг багагүй эрэл хайгуул, чамгүй мөнгө зарцуулах ажил болсон нь нууц биш. “Барс” худалдааны төвийн лангуу бүхэн хүнсний ногооны үнэ бичсэн цаас байх агаад “Шинэ ургацын монгол ногоо”, “Монгол сорт” гэх тайлбарыг аль болох томоор бичин эгнүүлжээ. Энд дэвшлийн гэх тодотголтой улаан лооль сортоосоо хамаараад 5000-7000 төгрөг, өргөст хэмх 7000-8000 төгрөгийн үнэтэй байв. Ийм хаягтай хэд хэдэн лангуу байсан бөгөөд тус компаний хаяг шошго бүхий ногоонуудыг өнгө алаглуулан өрсөн байв. Хэдий тус худалдааны төв жимс жимсгэнэ, хүнсний ногооны хамгийн хямд сонголт хийх боломжтой газар ч зах зээлийн үнээс хэд дахин доогуур үнэтэй байгаа учрыг лавлахад “Манайх нэрийн барааны дэлгүүр учраас хямд байгаа” хэмээн тайлбарласан юм.

...хамгийн үнэтэйд тооцогдох үхрийн цул махтай дүйцэхүйц үнэ хэлэх нь ядарсан ардад “Тэнгэрт тулсан” үнэ болж буйг дуулгая. Эсвэл шинэ ургацын эрүүл монгол хүнс гэх гоёмсог нэртэй ногоо оройн хоолныхоо махыг граммлаж авч буй ядарсан иргэдэд хүртээлгүй зүйл үү...

Энэ тухай тодруулахаар “Дэвшил трейд” ХХК руу утас цохиход “Манай компанийн нэрийн дэлгүүрүүдээр өргөст хэмх 7000, улаан лооль 10000 төгрөгийн үнээр хэрэглэгчдийн гарт хүрч байгаа. Бусад худалдаа, үйлчилгээний газрууд тодорхой хувь нэмэн борлуулдаг” гэсэн юм. Зарим худалдааны төвд эдгээр үнээс хямд үнэтэйг байгааг дуулгахад “Лангуу түрээслэгчид хятад болон өөр компанийн ногоог “Дэвшил трейд”-ийнх гэж худал хэлж зарж, борлуулах тохиолдол жил бүр гардаг. Жишээлбэл, манай улаан лооль жижиг, том сорт гэж байхгүй. Дунд зэргийн хамжээтэй ганц л сорт бий” хэмээх тайлбарыг өглөө. Чоно борооноор гэгчээр энэ мэт зарим худалдаа эрхлэгчид олонд танигдсан байгууллагын нэрийг барин, гарал үүсэл нь тодорхойгүй бүтээхүүнийг зарж борлуулж байгаад иргэд бухимдаж байна.

Л.Бадамханд “Монгол ногоо олж иднэ гэдэг үнэхээр асуудалтай болж. Манайх бага насны хүүхэдтэй учраас аль болох эрүүл хүнс сонгохыг хичээдэг. Одоо бараг бүх ногоо “Шинэ ургацынх, эрүүл, монгол хөрсөнд ургуулав” гэсэн шошготой байна. Үнэхээр тийм биш гэдгийг нь захын хүн мэднэ. Гэхдээ л олонх хаяг, шошгонд хууртаад авч байгаа. Хүнсний бүтээгдэхүүний чанарт тавих хяналтыг сайжруулмаар байна” гэж учирласан юм.

ХҮЛЭМЖИЙН НОГОО 2-3 ДАХИН ӨНДӨР ҮНЭЭР ХЭРЭГЛЭГЧДИЙН ГАРТ ХҮРЧ БАЙНА

Бид хүлэмжийн аж ахуй эрхэлдэг Ц.Сүнжидмаагийнхийг зорилоо. Зүүн салааны эцэст байрлах тэдний хашааны үүдэнд ирмэгц шинэхэн ногооны үнэр анхилах нь хачин сайхан. 

Хамрын хийдийг зорьж байж үздэг сакура хашаанд нь цэцэглэснийг харваас тун ч хөдөлмөрч айл аж. Арав орчим насны дэрсхэн гурван охин байшингийн хажууд барьсан хүлэмж хэлбэрийн сүүдрэвчиндээ тоглохын хажуугаар дунд ази үүлдрийн сүрлэг хоёр нохойгоо хооллон, ээждээ ойр зуурын багаж дөхүүлэн гүйх нь аргагүй л аж ахуйн орчинд торниж буйг нь илтгэнэ. Ц.Сүнжидмаа Хөдөө, аж ахуйн сургуулийг төгссөн бөгөөд өдгөө арав гаруй жил хүлэмжийн аж ахуй эрхлэж байгаа юм. Тэднийх 3000 ам метр квадрат талбайд, 11 хүлэмжинд 20 гаруй нэр төрлийн навчит хүнсний ногоо тарьдаг бөгөөд энэ хаврын ургацаа хүлээн авахад бэлэн болжээ. Тэрбээр энэ тухай “Өнгөрсөн сарын 23-нд тарьсан буйцай, юуцай, салатны навч, ногоон сонгино тарьсан.

Эдгээр ногоон нь хасах 8 хэм хүртэл хүйтэнд тэсвэртэй учраас өдийд тариалах боломжтой. Үүний дараа өргөст хэмх, улаан лооль зэргийг тарьна” гэж ярилаа. Мөн “Энэ хугацаанд өвлийн хүлэмжтэй болох гэж Жижиг дунд үйлдвэрийг дэмжих санд дөрвөн удаа төсөл өгсөн ч тэнцээгүй. Хэрвээ өвлийн хүлэмжтэй болчихвол жилийн дөрвөн улиралд ургац хурааж, хэрэглэгчдийн шинэ ногоогоор хангах боломжтой” хэмээн тайлбарлалаа. Эднийх тарьсан ногоогоо ченжид үнэ тохирч өгдөг гэнэ. Учир нь иргэд, ресторанууд зэрэг үйлчилгээний газрууд бага хэмжээгээр авдаг. Гэвч нарийн ногоонууд хурдан мууддаг тул ингэж гар дээрээс зарах хохиролтой. Анх учраа олохгүй бүх ногоогоо муутгаж, хаяж байсан тухайгаа ч дурссан юм.

Тэрбээр “Өглөөний зах гэх мэт шууд худалдааны цэгтэй болохоос нааш нарийн ногоо иргэдийн гарт нэмүү өртөгтэй хүрсээр байх болно. Хэрвээ ченжээр дамждаггүй бол эрүүл хүнсийг илүү хямдаар авах бүрэн боломжтой. Жишээлбэл, ченж ногоон сонгиныг нэг боодлыг 700 төгрөгөөр биднээс авна. Өнөөдрийн байдлаар ногоон сонгино лангуун дээр 2000 төгрөгийн үнэтэй байгаа” гэв. Бид энэхүү мэдээллийг бататгахаар хэд хэдэн өрхийн тариаланч, хүлэмжийн аж ахуй эрхлэгчтэй холбогдоход ижил тайлбар өгсөн юм. 

Иргэдээс нарийн ногоо авч, томоохон худалдааны төвд нийлүүлдэг нэгэн ченжтэй утсаар холбогдон шинэ ургацын ногоо нийлүүлэх хүсэлтэй байгаагаа дуулгахад “Ямар, ямар ногоо байгаа юм. Хаяг, шошгогүй бол үнэ хүрэхгүй дээ. Энэ жил улаан лооль ховор байна. Гайгүй улаан лооль байвал 4500-гаар, өргөст хэмхийг нь дагалдуулаад 4000 орчимд авъя. Эцсийн үнэ биш шүү” гэж хэлээд утсаа таслав. Өнөөдөр зөв, технологи ашиглан, эрт ургацаа авч буй хүлэмжийн аж ахуй эрхлэгчид зах зээлийн сиймхийг ашиглан чамгүй үнэтэй буюу буйцай, юуцайг 3000 төгрөгөөр ченжийн гарт өгч байна.

Гэтэл дэлгүүрийн лангуун дээр бууцай 7000 орчим төгрөгийн үнэтэй, “Номин” их дэлгүүрт 200-300 орчим граммаар савласан буйцаа, юуцай, салатны навч зэрэг 2900-3500 төгрөгийн үнэтэй байх юм. 
Ийнхүү шинэ ургацын, хүлэмжийн ногоо 2-3 дахин өссөн үнээр хэрэглэгчдийн гарт хүрч байна. Гэвч бас л үнэхээр шинэ ургацын, монгол хүнс эсэх нь эргэлзээ төрүүлсээр байх аж.

П.Даваажаргал

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.