Дэлхий даяар коронавирусээр 3,6 сая гаруй хүн халдварласнаас АНУ-д 1,2 сая иргэнд илрээд байгаа юм. Франц улс халдварын тархалтаар дэлхийд тавдугаарт жагсаж 170,000 орчим тохиолдол илэрч, 25,000 гаруй иргэн нас барсан.
Тус улсад коронавирусийн анхны тохиолдол нэгдүгээр сарын 24-ний өдөр бүртгэгдсэн байдаг. Гэсэн ч Парисын ойролцоох Авиценне болон Жан Вердиер эмнэлгүүдийн яаралтай түргэн тусламжийн тасгийн эрхлэгч доктор Ив Коэны хэлснээр Франц улсад Ковид-19-ийн анхны тохиолдол өнгөрсөн оны 12 дугаар сарын 27-ны өдөр илэрсэн байна.
Уг өдөр Парисын ойролцоох эмнэлэгт 50 орчим насны эрэгтэй уушгины үрэвсэл, хатгаа өвчнөөр оношлогдон иржээ. Эрэгтэй бүрэн эдгэж эмнэлгээс гарсан ч тухайн үед авсан арчдасыг эмч Коэн дахин шинжилж үзэхэд коронавирус илэрсэн байна. Өвчтөн хаанаас вирус авсан болон тархалт өндөр бүс нутагт байсан эсэх нь тодорхойгүй байгаа ажээ.
Үүнээс харахад Франц улсад коронавирус одоо мэдэгдэж байгаагаас сар гаруйн өмнө нэвтэрсэн байж болох юм. Нэгдүгээр сарын 24-ний өдөр албан ёсоор анх удаа бүртгэгдсэн гурван тохиолдлын хоёр нь Хятадын Ухань хотоос ирсэн, нэг нь тэдний ойрын гэр бүлийн гишүүн байжээ.
Доктор Коэны Францын хэвлэлүүдэд ярьснаар 12 болон нэгдүгээр саруудад ханиад, уушгины хатгалгаатай төстэй өвчний шинж тэмдгээр ирсэн өвчтөнүүдийн материалыг дахин шалгажээ. Нийт 14 арчдаст Ковид-19-ийн сорил тавихад ийнхүү нэгт нь илэрсэн байна. Тиймээс бусад эмнэлгүүд ч мөн тухайн үед уушгины үрэвслийн шинж тэмдгээр ирсэн өвчтөнүүдийн арчдасыг дахин шалгах хэрэгтэй гэжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.