СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Африкт коронавирусийн тархалт бага байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

. Ахуйн нөхцөл тийм ч сайнгүй, эрүүл мэндийн үйлчилгээ муутай Африкт цар тахал газар авбал нөхцөл байдал хэцүүднэ гэж ажиглагчид онцолж байсан ч одоогоор тийм зүйл болоогүй байна. Африкт коронавирусийн халдварын тархалт бага байгааг уур амьсгалтай холбосон таамаглал ч гарлаа. Нөгөө талаас, тус тивийн цөөнгүй оронд коронавирусийн шинжилгээнд олон хүнийг хамруулж чадаагүй учир бүртгэгдсэн тохиолдол, амиа алдагсдын тоо ийм бага байх магадлалтай гэж үзэх нь ч байна. Өнгөрсөн хоёрдугаар сард буюу коронавирусийн тархалт одоогийнхоос харьцангуй бага байхад Билл Гейтс хүн ам олноор суурьшсан, эрүүл ахуйн нөхцөл муу, ядуу иргэд олонтой бүс, тивд аюул нүүрлэж магадгүй гэж мэдэгдэж байв.

Коронавирусийн халдварын юм. Түүнээс хойш өнөөг хүртэл албан ёсоор

Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад хамгийн олон хүн коронавирусийн шинжилгээ өгсөн бөгөөд нөхцөл байдлыг хяналтаас алдаагүй гэж эрх баригчид нь онцолж байгаа юм. Харин Өмнөд Судан зэрэг хөгжил буурай орнуудад эмнэлгийн багаж төхөөрөмжийн хангалт муу, эрүүл мэндийн үйлчилгээ сайнгүй тул үнэхээр өвчин туссан хүмүүсийг оношилж, эмчилж чадаагүй байх магадлал өндөр аж. Ямартаа ч дэлхий нийтэд энэ өвчин эрчимтэй тархаж эхэлснээс хойш буюу өнгөрсөн гурав, дөрвөн сарын хугацаанд халдварын тохиолдлын тоо, хамрах цар хүрээг хяналтдаа байлгаж чадаж буй цөөн бүсийн нэг нь Африк болж байна. Үүний учир шалтгааныг эерэг болон сөрөг гэсэн хоёр талаас таамаглаж байгаа аж.

Коронавирусийн тархалт, нас барсан, халдвар авсан хүмүүсийн тоо бага байгааг эрүүл мэндийн тогтолцоо, эмнэлгийн үйлчилгээтэй холбон тайлбарлаж байна. Нигерийн умард хэсгийн Кано хотод сүүлийн үед уушгины өвчнөөр хэдэн зуун ахмад настан нас баржээ. Орон нутгийн удирдлага энэ хүмүүс коронавирусийн халдвар авсан гэх таамаглалыг няцааж байгаа юм. Үнэхээр эдгээр хүнд коронавирусийн шинжилгээ хийсэн, үгүй нь бас тодорхойгүй байна. Сомали Улсад оршуулга ёслолын үйлчилгээ үзүүлдэг компани, хүмүүсийн хэлж буйгаар, мөн л ахимаг насны хүн нас барах нь 3-4-ээр нэмэгдсэн гэх. Харин албан ёсны эх сурвалжуудын мэдээлж буйгаар, “Ковид-19”-ийн улмаас 26 хүн амиа алдаад буй. Тэгэхээр зарим тохиолдолд коронавирусийн халдвараар нас барж байгаа тохиолдлыг бүртгээгүй, мэдээгүй байх магадлалтай гэж үзэж буй юм. Африкийн тахал судлалын сүлжээний (AFENET) удирдагч Саймон Антара энэ тухайд өгүүлэхдээ “Коронавирусийн халдвар авсан ч оношлуулж, эмнэлгийн тусламж авч чадаагүй хүмүүс нас барсан тохиолдол гарч байгаа. Гэхдээ энэ нь хэдэн мянган тохиолдол гараад, үүнийг нууж дарагдуулсан гэх үндэслэл үгүй” гэж онцолж байна.

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад одоогийн байдлаар 103 хүн халдвар авч, нас барсан байна. Хэрэв илрээгүй, оношлогдоогүй ч өвчний халдвар авч нас барсан тохиолдол олон байвал нас баралтын ерөнхий статистикт нөлөөлөх учиртай гэж судлаачид үзэж буй. Одоогоор тус улсад нас барсан хүмүүсийн тоо өмнөх оны мөн үеийн үзүүлэлтээс харин ч бага байгаа юм. Энэ нь орон даяар хөл хорио тогтоосноос осол аваарын хэмжээ буурсантай холбоотой аж.

Кени Улсын нийслэл Найроби хотын хувьд зарим дүүрэгт 500 мянгаас нэг сая орчим хүн нэг давхар, давчуу сууцанд олуула амьдардаг, ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл муу, цэвэр усны хангамж асуудалтай амьдарч байна.Ийм дүүргээс түүврийн аргаар 400 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар авсан гурван тохиолдол бүртгэгдсэнийг “Financial Times” мэдээлжээ. 

“International Crisis Group” байгууллагын Зүүн Африкийн орнуудад ажиллаж буй мэргэжилтнүүдийн онцолж буйгаар, тэнд олон нийтийн сүлжээ, интернэтийн хэрэглээ өндөр тул ямар нэгэн байдлаар тахал газар авсан бол хүмүүс энэ талаар мэдээлэхгүй өнгөрнө гэж үгүй гэжээ.

Халдварт өвчин судлаач Саймон Антара Африк дахь нөхцөл байдлын талаар хэд хэдэн таамаглал дэвшүүлсэн. Нэгдүгээрт, өвчин дөнгөж гарч эхлэх үед Африкийн орнууд цаг алдалгүй хөл хорио тогтоож, хүмүүсийн шилжих хөдөлгөөнийг хязгаарласан нь үр дүнгээ өгсөн гэж тэрбээр үзэж байна. Нөгөө талаар, олон улсын агаарын тээврээр зорчигчдын хоёр хувийг л Африкийн улсуудын иргэд эзэлдэг бөгөөд энэ нь вирус зөөвөрлөгдөж орж ирэх нөхцөл бага гэдгийг харуулж байна.

Үүний зэрэгцээ тус тивийн оршин суугчдын дунд ахмад настнуудын эзлэх хувь бага, тодруулбал хоёр хувьтай байдаг. Тэгэхээр халдварын улмаас нас барагсдын хувь бага гарах магадлал өндөр. Харин Итали зэрэг Европын улсуудад хүн амд ахмад настнуудын эзлэх хувь өндөр буюу 20 гаруй хувийг эзэлдэг.

Мөн халдварын тархалтыг уур амьсгал сааруулж байж магадгүй гэсэн нэг хувилбар бий. Амьтнаас хүнд халдварласан вирусээр үүсгэгддэг уушгины өвчнүүд, Ойрхи Дорнодын амьсгалын замын синдром зэрэг өвчин Африкт төдий л өргөн тархаагүй. Хамгийн дулаан, чийглэг уур амьсгалтай энэ тивд ийм төрлийн өвчний халдвар тархах нь бага байгааг нарийвчлан судалж үзэх нь зөв гэдгийг Саймон Антара хэлж байна. Өөрөөр хэлбэл, давчуу, хязгаарлагдмал орон зайд агаарын солилцоо муу учир вирус тархах нь хялбар байж магадгүй гэнэ. Харин олон цагийг гадаа, гудамжинд, агаар салхинд өнгөрүүлдэг нь африкчуудад эергээр нөлөөлж буй гэж зарим судлаач таамаглаж байна.

Х.Инга

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.