СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-05-05

Бага насны хүүхэд бусдын шахалтаар хулгай хийдэг байж болзошгүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Баянгол дүүрэг дэх Цагдаагийн I хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид 12-14 насны хүүхдүүд бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлддэг байсныг илрүүлсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 27нд дөрвөн хүүхэд ТҮЦ-нд хулгайгаар нэвтэрч, хүнсний бараа, нэгж, бэлэн мөнгө зэргийг хулгайлж байгаад үйлдэл дээрээ баригдсан юм. Шалгалтын явцад тэд бүлэглэн бусдын тээврийн хэрэгслийг түлхүүр тааруулан хулгайлдаг нь тогтоогдсон бөгөөд тухайн тээврийн хэрэгслээ ашиглан хулгай хийдэг байжээ.

Түүнчлэн тэд эхний улирлын байдлаар нийт 13 удаагийн үйлдлээр 13 тээврийн хэрэгсэл хулгайлсан нь тогтоогдсон бөгөөд Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргээс тээврийн хэрэгсэл хулгайлж байснаа мэдүүлсэн байна. .

Хулгайлах гэмт хэрэг үйлдсэн хүүхдүүдийн аав, ээжийн хараа хяналт сул, амьдралын боломж тааруугаас болж хулгай хийсэн гэнэ. Түүнчлэн зарим нь хойт аав, ээжтэйгээ харилцааны доголдолтой учраас хулгай хийсэн гэж мэдүүлжээ. Тэд хулгайлсан эд зүйлсээ дамлан зардаг гэнэ. Тухайлбал, машины эд ангийг ченжүүдэд зардаг байжээ. Хулгайн хэрэгт холбогдож байгаа хүүхдүүдийн олонх бусдын шахалтаар ийм хэрэг үйлддэг байж магадгүй аж. Тодруулбал, өнгөрсөн арванхоёрдугаар сард 13 настай хүү 40 гаруй удаагийн үйлдлээр хулгайн гэмт хэрэг үйлдсэн нь батлагдсан юм.

Тэрбээр хулгай хийсэн шалтгаанаа “Амьдралын боломжгүй, хэцүү нөхцөлд байсан учраас болж ийм үйлдэл гаргасан. Зарим тохиолдолд аргагүй нөхцөл байдлаас болж хулгай хийдэг. Хулгайлсан эд зүйлсээ нийлүүлдэг ах нар дахин авчрах юм бол “Үнэтэй авна" гэж хэлдэг" хэмээн тайлбарласан юм.

Д.БУДЗААН: АР ГЭРИЙН ТААРАМЖГҮЙ ХАРИЛЦААНААС ХҮҮХЭД ГЭРЭЭСЭЭ ДАЙЖИЖ, ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГТ ҮЙЛДДЭГ

Энэ талаар ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга Цагдаагийн хошууч Д.Будзаан тодрууллаа.

-12-14 насны хүүхдүүд 13 удаагийн үйлдлээр тээврийн хэрэгсэл хулгайлсан хэрэг илэрсэн. Бага насны хүүхдүүд хулгайлах гэмт хэрэг үйлдэх нөхцөл, шалтгаан юу вэ?

-. Хүүхэд холбогдсон гэмт хэргийг төрлөөр нь авч үзэхэд, ихэвчлэн зодолдож, танхайрах болон бусдын эд зүйлийг хулгайлах хэрэг үйлдэж байна. Ихэвчлэн 12-17 насны эрэгтэй хүүхдүүд гэмт хэрэгт холбогдож байгаа. Гэмт хэрэгт холбогдож байгаа хүүхдүүдийн шалтгаан, нөхцөл нь ар гэрийн хараа, хяналт муу, аливаа зүйлээр гачигдалтай, мөн асрамж халамжийн төвд байсан ньтогтоогдсон. Хэрэг шалгалтын шатанд яваа учраас нарийн мэдээлэл өгөх боломжгүй.

-Тэд ихэвчлэн ямар зүйл хулгайлдаг вэ?

-Орон байр, халаас, автомашины эд анги хулгайлах гэмт хэрэг үйлдэх тохиолдол давамгайлж байна.

-Хулгайн хэрэгт холбогдож байгаа хүүхдүүдийн ар гэрийн байдал ямар байна вэ?

-Өмнө нь орон гэргүй хүүхдүүд хулгайн хэрэгт их холбогддог байсан. Харин одоогийн нөхцөл байдлыг аваад үзэхэд, аав, ээжтэйгээ хамт амьдардаг хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох болсон. Тэдний олонх нь гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг. Эсвэл хойт аав, ээжтэйгээ таарамжгүй харилцаатайгаас болж гэрээсээ дайжиж, хулгайлах гэмт хэрэгт холбогдож байна.

-Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд ямар ажил хийж байна уу?

-Нэгдүгээрт, цагдаагийн байгууллагаас хяналт, шалгалт, эргүүлийн ажлыг тогтмол зохион байгуулж байна. Мөн түүнчлэн улс даяар гудамж талбайг камержуулах ажлыг хийж байгаа. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 4000 гаруй камер байршуулаад байна. Хоёрдугаарт, хууль тогтоомж,урьдчилан сэргийлэх ажлыг цагдаагийн байгууллагаас хэвлэл мэдээллийн салбараар дамжуулан тогтмол явуулдаг.

Д.Чанцал

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.