Япон улсын нийслэл Токио хотод 4,000 орчим хүн интернэт кафед хоноглож, өдөр тутмын аж амьдралаа залгуулдаг гэсэн тоо байдаг ажээ. Гэвч коронавируст цар тахлын тархалтыг бууруулахын тулд Засгийн газар улс орон даяар онц байдал зарласнаар бизнесийн байгууллагууд үйл ажиллагаагаа зогсоосон. Тэдгээр үйл ажиллагаагаа зогсоосон аж ахуй нэгжүүдийн дунд интернэт кафе ч багтжээ.
Такахаши барилга дээр ажиллаж, олсон мөнгөөрөө интернэт кафед хоногт 18-27 ам.доллар төлж хоноглодог хүмүүсийн нэг байв. Барилгын ажил зогсож мөнгө олох боломжгүй болсны дээр түүний гэрээ болгосон интернэт кафег хааснаар орон гэргүй иргэдийн эгнээнд орж сүүлийн хоёр долоо хоногийг автобусны зогсоол дээр унтаж өнгөрөөжээ. Орон гэргүй иргэдэд тусалдаг Мояай төрийн бус байгууллагаас өгдөг үнэгүй хоолоор гол зогоохоор Шинжукуд хүлээх болсон байна.
Өнөөдрийн байдлаар Япон улсад коронавирусээр 15,000 орчим иргэн халдварлаж, 5,000 орчим хүн нас баржээ.
Интернэт кафед амьдардаг тэдгээр хүмүүст туслахаар яаралтай тусламжийн байруудыг бүрдүүлж байгаа ч хүрэлцээгүй байгаа юм. 2019 оны судалгаагаар кафед амьдардаг иргэдээс гадна 5,126 хүн орон гэргүйгээр дэлхийн шилдэг хотуудын нэг Токиод амьдардаг байна.
Орон гэргүй хүмүүст цагийг өнгөрөөх, амрах, хоног төөрүүлэх, усанд ороход хамгийн тохиромжтой интернэт кафе, манга кафенуудад шүршүүр, зоосоор үйлчилдэг угаалгын газрууд байдаг. Тэнд угаалга цэвэрлэгээ хийж цагаар, өдрөөр амарч болох хувийн жижиг өрөөнүүдэд хонож ч болдог.
Нөгөө талаар сүүлийн хэдэн арван жилд хурдацтайгаар хөгжиж буй Япон улсад цагийн болоод өдрийн ажилчид олон болжээ. 2011 онд 17 сая цагийн ажилтан байсан бол 2019 онд 22 сая болж нэмэгдсэн байна. Эдгээр ажилчдад өдөр бүр ажил олдоод байхгүй, олдсон ч цагийн хөлс нь цалингийн доод хэмжээгээр төлөгддөг. Тиймээс тэдэнд байнгын оршин суух газартай болох, байр сууц түрээслэх маш хүнд ажээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.