ОХУ-д энэ сарын 9-нд тохиох Ялалтын баярын жагсаал коронавирусийн улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байгаа билээ.
Мөн дайнд оролцсон өвөг дээдсийнхээ гэгээн дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор тэдний зургийг барин хамтдаа алхдаг “Үхэшгүй мөнхийн хороо” хүндэтгэлийн жагсаал харин цахимаар болохоор болжээ. Уг арга хэмжээг Оросын 200 гаруй электрон самбарын дэлгэцээр болон албан ёсны портал сайтаар шууд дамжуулна.
Түүнчлэн Ардын жүжигчин Василий Лановой бүх ард иргэдийг баярын өдрийн 19:00 цагаас тагтан дээрээ гарч “День Победы” буюу “Ялалтын өдөр” дууг хамтдаа дуулах санааг гаргав. Тэрээр “Зурагтаа асаагаад, өөрийн баатрынхаа хөргийг бариад тагтан дээрээ гаран, тэдний баатарлаг үйлсийг санан дурс. Тэдний дурсгалд зориулан хөршүүдтэйгээ хамт нэг минут дуугаа хураасны эцэст энэ дууг хамтдаа дуулцгаая” хэмээн уриалжээ.
“Бид хамт” хөдөлгөөний төлөөлөгчид Ерөнхийлөгч Владимир Путинтэй хийсэн цахим уулзалтынхаа үеэр уг санаачилгыг түүнд танилцуулсан байна. Түүнийг ч бас нэгдэхийг хүсэхэд нь Путин "Дуртайяа нэгдэх болно. Би хэрхэн оролцохоо л шийдэх хэрэгтэй байна. Энэ талаар сайн бодож үзэх болно, гэхдээ бүү эргэлз. Би та нартай зүрх сэтгэлээрээ хамт байх болно" гэжээ.
Эх сурвалж: Риа Новости
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.