ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины шийдвэрээр Ялалтын баярын 75 жилийн ойн жагсаал коронавируст цар тахлын улмаас хойшилжээ. Дэлхийн хоёрдугаар дайнд ялалт байгуулснаа дэлхий дахинд зарлаж, хүч чадлаа тунхагладаг сүр жавхлант жагсаалыг хойшлуулахгүй хэмээн Оросын эрх баригчид өмнө нь мэдэгдэж байсан юм.
Гэвч “халдварын тархал оргил үедээ хүрээгүй улам бүр нэмэгдсээр байна. Үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж баярын бэлтгэл ажлыг эхлүүлэх, олон нийтийг хамарсан бусад арга хэмжээг зохион байгуулах эрх надад байхгүй” хэмээн Ерөнхийлөгч Путин мэдэгджээ.
Ялалтын баярын жагсаалыг энэ оны сүүлч хүртэл хойшлуулсан байна. Уг нь ирэх тавдугаар сарын 9-ний өдөр нийслэл Москва хотын Улаан талбайд зохион байгуулагдах ёстой байсан билээ. Энэ жилийн баярын жагсаал урьд өмнөх жилүүдээс илүү ач холбогдолтой хэмээн үзэж, дэлхийн томоохон улс орнуудын удирдагчид, ахмад дайчдыг баярын жагсаал, дөрөв хоног үргэлжлэх арга хэмжээнд урьсан байсан юм.
ОХУ-д коронавирусийн халдвар хурдацтай нэмэгдэж пүрэв гарагийн байдлаар шинээр 3,500 орчим тохиолдол бүртгэгдэж, нийт 27,938 болсон ба 232 иргэн нас баржээ. Энэ тоо цаашид нэмэгдэнэ гэдгийг эрх баригчид сэрэмжлүүлж байна.
Эх сурвалж: Moscow Times
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.