Австрали улсад уулын налуугаар алхаж байсан эрэгтэй, нохой, таван тэмээний хамт бут руу хальтарч унасан байсныг цагдаа нар олж аварчээ. 38 настай эрэгтэй Викториа мужийн Жэмисон тосгоны ойролцоо амьтдын хамт алхаж яваад нэг тэмээ нь хөл алдсанаас бут руу унасан байна.
Эзэн амьтдын хамт хоорондоо уяагаар холбогдсон байсан учир нэг нь унахад бусад нь дагаад унажээ. Азаар бэртэж гэмтсэн тохиолдол гараагүй бөгөөд аврах ажиллагаа дөрвөн цаг орчим үргэлжилсэн байна.
Орон нутгийн цагаар ням гарагийн үдээс хойш 15 цагт цагдаагийн газарт дуудлага иржээ. Эрэгтэйн радио станцаар идэвхжүүлсэн тусламжийн дохиолол 15,000 км-ын цаана АНУ дахь серверт ачааллаж, улмаар Канберрагийн эрх баригчдад энэ талаар дуулгаж, хотын захиргаа Викториа мужийн цагдаагийн газар луу зурвасаар мэдэгдсэнээр эсэн мэнд аврагджээ.
Жэмисон тосгон нь Мэлбурн хотоос зүүн хойшоо 200 км-т байдаг бөгөөд газар тариалангийн өргөн уудам бүс нутаг юм. Тэмээ нь тус бүс нутагт түгээмэл амьтан биш бөгөөд сүү, бяслаг зэрэг цагаан идээ гаргаж авахын тулд зарим фермэд өсгөж үржүүлдэг байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.