СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2020-05-04

LIVE: “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг НӨАТ-ын буцаан олголт авдаг дансаар шилжүүлнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас өнөөдөр /2020-05-04/ ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр "Эрдэнэс-Тавантолгой” ХК өнгөрсөн долоо хоногт 22 000 тонн нүүрс олборлож, 470 тэвшээр 32,9 мянган тонн нүүрс ачиж, 428 тэвшээр 48,6 мянган тонн нүүрс экспортод гаргалаа.

Он гарсаар 2 сая 560 мянган тонн нүүрс олборлож 962,4 мянган тонн нүүрс экспортлоод буй юм.

2020 оны тавдугаар сарын 01-нд БНХАУ-д баяр таарсан. Тавдугаар сарын 2-нд хил амарсан, тавдугаар сарын 03 амралтын өдөр таарсан. Гурван өдөр экспорт хийгдээгүй тэг зогссон. Татан авалт тааруу байсан ч ачилт экспортын хэмжээ өнгөрсөн долоо хоногтой харьцуулбал ижил түвшинд байгаагаас харвал нүүрс ачилт экспортын хэмжээ өдрөөс өдөрт нэмэгдэж буй өөдрөг дүр зурагтай байна. 

“Эрдэнэс-Тавантолгой” ХК энэ жил анх удаа түүхэндээ ард иргэддээ ногдол ашиг тараахаар болсон. ТУЗ-өөс гаргасан тогтоолын дагуу тавдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ногдол ашиг тарааж эхэлнэ. Манай компанийн хувьд бэлтгэл ажлаа бүрэн хангасан.

Ногдол ашиг тараалгүй хүлээгдэж буй гол шалтгаан бол Тавантолгойн ногдол ашиг хүртэх 2 сая 512 мянган иргэн бий. Дансаа нээлгэсэн 1,6 сая иргэн байна. 425 мянган иргэн нь банкны дансаа мэдүүлсэн. Тэдэнд ногдол ашиг олгоход ямар ч асуудал алга. Үүнээс гадна үлдэж буй иргэдийн ногдол ашгийг өгөхийн тулд хэд хэдэн ажил хийж байна.

Хувьцааны дансаа нээлгэсэн 1,6 сая иргэн брокерийн компанитайгаа холбогдож, банкны дансаа шалгах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, идэвхижүүлэх хэрэгтэй байна. 

Харин брокерийн компанид хандаж данс нээлгээгүй иргэдийн хувьд НӨАТ-ын буцаан олголт авдаг данстай бол тэр дансаар хувцьааны ногдол ашгийг олгох боломж бий. Одоогоор манай улсын 1,3 сая иргэн НӨАТ-ын буцаан олголт авдаг данстай байна.

Үлдэж буй 500 мянга орчим иргэд ямар ч дансгүй байна. Ихэнх нь хүүхдүүд. Тэдэнд Хүүхдийн мөнгө авдаг данстай бол тэр дансаар нь ногдол ашгийг өгөхөөр шийдвэрлэсэн. 

Банкны дансаа мэдүүлээгүй, НӨАТ-ын буцаан олголт авдаг дансгүй иргэдийн мөнгийг буцаан олгоход асуудал үүсч буй тул та брокерийн компанид хандаж дансаа нээлгэх хэрэгтэй байна" гэлээ. 

-Хувьцаагаа зарж болох уу?

-Болохгүй. Дотоодын хөрөнгийн бирж дээр гарч буй нээлттэй компани болох хүртэл 1072 хувьцааг зарах явдал боломжгүй. Хувьцаа авна гэсэн мэдээлэл сошиал дээр их гарч байна. Цагдаагийн байгууллага дээр хэрэг үүсгээд шалгаж байна. Цахим хаягны хандалт нэмэх гэсэн сонирхолтой холбогдуулж ийм зар гарч буй нь тогтоогдсон.

-Хувьцаа эзэмшигч нас барсан бол ногдол ашгийг ар гэрийнхэнд нь өгөх үү?

-Үгүй. 70 мянга орчим хувьцаа эзэмшигч ногдол ашиг тараахаар болсноос хойш нас барсан гэсэн мэдээлэл бий. Нөхөж өгөх боломжгүй. 

-Гадаадад буй иргэн ногдол ашгаа яаж авах вэ?

-Тухайн иргэн 1072 хувьцаатай, банкны дансаа нээлгэсэн бол асуудалгүй авч болно. Тэр дансанд нь ногдол ашиг орно. Эсвэл НӨАТ-ы буцаан олголт авдаг данстай бол тэр дансаараа авч болно. Монголд банкны дансгүй бол ногдол ашиг авах боломжгүй шүү. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.