Нийслэлийн Засаг даргын захирамжаар тавдугаар сарын 1-нээс эхлэн согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллагуудыг шөнийн 00 цаг хүртэл ажиллах болохыг зөвшөөрсөн.
Гэтэл баасан гарагийн тэрхүү орой баар, шөнийн цэнгээний газрууд, тэр дундаа диско клубүүд залуусын хөлд дарагдан, хүний бөөгнөрөл эрс нэмэгджээ. Мөн тус өдөрт эрүүлжигдсэн хүмүүсийн тоо өмнөх долоо хоногтой харьцуулахад огцом нэмэгдсэн байна.
Иймд цагийн зөрчил гаргаж, төрийн байгууллагынхны шаардлагыг биелүүлээгүй LUX болон ZU клубүүдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ.
Мөн өнөөдөр хуралдсан Засаг даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Засаг даргын захирамжийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлах нь зүйтэй хэмээн шийдвэрлэлээ” гэж мэдэгдэв.
Учир нь Засаг даргын шинэ захирамж хэрэгжиж эхэлсэн тавдугаар сарын 1-нд баар, цэнгээний газрууд дүрэм журмаа мөрдөхгүй байх, хяналт шалгалтаас зугтах, төрийн байгууллагын ажилтны эрхэнд халдах, халдваргүйжүүлэлт, ариутгалын шаардлагыг хангахгүй байх зэрэг зөрчил дутагдал гаргажээ.
“Энэ салбарт 25 мянган хүн ажилладаг. Хөл хориотой холбоотой эдийн засаг хүндэрч байгаа үед гаргасан шийдвэрийн биелэлт хангалтгүй байгаа учир дээр шийдвэрийг гаргаж байна” гэж Засаг дарга С.Амарсайхан өгүүллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.