Дэлхий даяар коронавирусээр 3,5 сая гаруй иргэн халдварлаад байна. Халдварыг цааш тархаахгүйн тулд зарим нислэгийн компани зорчигчдод хандан нислэгийн үеэр амны хаалт зүүхийг шаарджээ.
Тухайлбал АНУ-ын томоохон нислэгийн компаниуд аюулгүй байдлын үүднээс нислэгийн багийнхан болоод зорчигчдод зориулсан эрүүл мэнд, аюулгүй байдлын шинэ дүрмийг энэ долоо хоногоос хэрэгжүүлж эхэлжээ. Халдварт тахлын улмаас зогсонги байдалд орсон нислэгүүдийг дахин сэргээхийн тулд амны хаалт зайлшгүй хэрэглэх ёстой гэсэн болзлыг эрх баригчид тавьж байна.
Даваа гарагаас эхлэн АНУ-ын Делта нислэгийн компани шалган нэвтрүүлэх цэг, амрах газар, хаалга, онгоцон дотор зэрэг нисэх буудалд ирэхээс авахуулаад хөөрч нисээд, эргэн буух хүртэл бүх орчинд зорчигчид амны хаалт зүүх шаардлагыг хэрэгжүүлж байна.
Мөн Американ Эйрлайнс, Юнайтед зэрэг нислэгийн компаниуд бизнесээ дахин эхлүүлэхдээ дээрх шаардлагыг бүрэн хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ нь зорчигчдын аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалахаас гадна нислэгийн үеэр зорчигчдын сэтгэл санааг тайван байлгахад тустай ажээ. Амны хаалт зүүж нүүрээ халхлах шаардлага тавьж байгаа тул зорчигчдод үнэгүй амны хаалт тараах юм байна.
Харин Австралийн Кантас зэрэг бусад нислэгийн компани нислэгийн үеэр зорчигчид амны хаалт зүүх шаардлагагүй гэж үзжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.