Энэ долоо хоногт БНХАУ-ын дөрвөн хотод цахим юанийн гүйлгээний системийг турших гэж байгааг “The Guardian” онцолжээ. Нийтийн тээврийн хэрэгсэлд зорчих, хүнсний бүтээгдэхүүн худалдаж авах зэрэг иргэдийн хамгийн өргөн хэрэглээнд цахим юанийн гүйлгээг нэвтрүүлж байгаа турших юм байна. Тус улсын Төвбанк сүүлийн хэдэн сарын хугацаанд цахим валютыг системийг хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлдсэн агаад эхний ээлжинд аж үйлдвэрийн төв гэгддэг Шэньжэнь, Сүжөү, Чэндү, Сюнъан зэрэг хотод хэрэгжүүлнэ.
Туршилт амжилттай болсон тохиолдолд дараагийн ээлжинд Бээжингийн өвлийн олимпын наадмыг зохион байгуулах хотууд, тэр дундаа Хэбэй мужид турших гэнэ. “China Daily” сонинд онцолж буйгаар, цахим валютын тогтолцоог хэрэгжүүлж буй хотын төрийн албан хаагч нар энэ сараас эхлэн цалингаа дижитал юаниар авах аж. Үүний зэрэгцээ хот бүрт өөр өөр зориулалт, хэрэглээнд цахим валютыг ашиглах бөгөөд тухайлбал, Сүжөү хотод нийтийн тээвэрт, Сюнъанд голчлон жижиглэн худалдаа, хүнс, бараа худалдан авахад ашиглах юм. Хятадуудын хамгийн хэрэглэдэг вичат зэрэг олон нийтийн харилцааны хэрэгсэлд цахим валютыг хэрхэн хэрэглэх талаар зааварчилсан агуулга, мэдээллүүдийг мөн бэлтгэн хүргэж эхэллээ.
Цахим валютын хэрэглээг туршихад “Макдональдс” тэргүүтэй том компаниуд ч оролцож магадгүй байна. Хятадын хувьд цахим төлбөр тооцоо, гүйлгээний хэрэглээ хэдийн нэвтэрч, хүмүүсийн амьдралын салшгүй нэг хэсэг болсон. Алибабагийн охин компани болон “Ант Файнаншиал”-ын “Алипэй”, “Тэнсент” компанийн “Вичат пэй” зэрэг үйлчилгээ нэвтрээд багагүй хугацаа өнгөрсөн. Гэхдээ энэ нь цахим гүйлгээ болохоос цахим валютын хэрэглээ биш.
Бээжингийн их сургуулийн Хөгжлийн үндэсний судалгааны хүрээлэнгийн доцент Сюй Юанийн мэдэгдэж буйгаар, дээрх гүйлгээний системээр хийж буй юанийн урсгалыг хянах, бэлэн мөнгөний хэрэглээг багасгахад цахим валют дөхөм болох аж. Өөрийн гэсэн цахим валютыг бий болгож, үндэсний мөнгөн тэмдэгтэй уяснаар аливаа эдийн засгийн хориг, хүндрэлийн үед ам.доллар ба юанийн ханш савлахаас сэргийлэх гэнэ. Мөн коронавирус зэрэг халдварт өвчний тархалттай холбоотой бэлэн мөнгөний хэрэглээг бууруулахад ч чухал нөлөө үзүүлнэ гэж ажиглагчид онцолж байна.
Эх сурвалж: https://www.theguardian.com/world/2020/apr/28/china-starts-major-trial-of-state-run-digital-currency
Х.Инга
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.