“Найман шарга” валют арилжааны төвд ам.долларын ханш 2792-2794 төгрөг байна
Он гарсаар валютын ханш өсөж байгаа талаар иргэд ам уралдан ярих болсон. Өнгөрсөн оны аравдугаар сард ам.долларын ханш 2715 төгрөг, юанийн ханш 380-д хүрч иргэдийг багагүй сандаргасан юм. Харин одоо валютын ханш ямар байгааг сурвалжлахаар аль ч цаг үед түм түжигнэж, бум бужигнаж байдаг “Найман шарга” захыг зорилоо. Урин дулаан цаг ирж, хэдэн төгрөгөө юань болгоод, урд хөршийг зорих худалдаачид хөл хорионд орсон учир эл захад бараг хүн байхгүй байв.
Тус захад 20 орчим банк бус санхүүгийн байгууллагын 50 гаруй салбар үйл ажиллагаа явуулдаг. Тэдний хаалга, үүд нь онгорхой ченжүүд “Юань, ам.доллар авна, зарна” хэмээн орилолдож зогсоно. Өнгөрсөн хоёрдугаар сард юанийн ханш 395 төгрөг болж өсөөд байсан юм. Харин өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу тавдугаар сарын 2-нд тус захад юанийн ханш худалдах нь 393, худалдаж авах нь 392 төгрөг болж буурчээ.
Хил хаасантай холбоотойгоор юанийн эрэлт буурсан гэдгийг ченжүүд ярьж байв. Энэ талаар “Суварга” банк бус санхүүгийн байгууллагын теллер Ц.Мөнх-Оргил “Коронавирустэй холбоотойгоор валютын ханш харьцангуй тогтвортой болсон. Цагаан сарын үеэр буюу хил хаахаас өмнө юанийн ханш эрчимтэй, өдөрт 1-2 төгрөгөөр өсөж байсан. Гэнэт хил хаасан учир юань Цагаан сараас хойш өсөөгүй. Бүр буурах хандлагатай байна. Уг нь гуравдугаар сарын 30-нд хил нээнэ гэсэн сургаар худалдаачид юань худалдаж авч, эрэлт үүсэх хандлага ажиглагдсан.
Тэгээд хөл хориог тавдугаар сарын 30-н хүртэл сунгасан болохоор худалдаж авсан валютаа буцаад зарах хүн цөөнгүй байна. Тухайлбал, манай байнгын үйлчлүүлэгч 394 төгрөг байхад нь юань аваад, өчигдөр 392-өөр зарсан. Одоо хил нээсэн ч юанийн үнэ тийм ч ихээр өсөхгүй байх магадлалтай” гэв. Харин ам.доллар өнгөрсөн хоёрдугаар сард 2742 төгрөг байсан бол одоо 2794 болж өсжээ. Өчигдөр 12.00 цагийн байдлаар “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларын ханш худалдах нь 2794 төгрөг, худалдан авах нь 2792 төгрөг болж, гурван сарын хугацаанд 50 төгрөгөөр нэмэгджээ.
Ченжүүд ам.доллароос бусад валютын ханш тогтвортой, эрэлт багатай байгааг онцлов. Тухайлбал, тус валют арилжааны төвд рубль авах нь 37.8, худалдах нь 38.3 төгрөг байв. Харин БНСУ-ын воныг 224 төгрөгөөр худалдан авч, 225 төгрөгөөр зарж байсан юм. Өнгөрсөн аравдугаар сарын сүүлчээр манай улс саарал жагсаалтад орсонтой холбоотойгоор валютын ханш өдөр ирэх тусам нэмэгдэж, эрэлт ихсэж байсан юм. Харин одоо ам.доллароос бусад валютын ханш бага зэрэг буурч, эрэлт багасжээ. “Найман шарга” валют арилжааны зах нам гүм, хүн багатай байлаа..
Д.Чанцалдулам
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.