АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Fox News-д өгсөн ярилцлагадаа коронавирусийн талаар ярьсан нь үзэгчдийн анхаарлыг ихээхэн татжээ. Сурвалжлагч түүнээс шинэ төрлийн коронавирусийн эсрэг урьдчилан сэргийлэх тарилгын талаар асуусан байна.
Уг асуултанд хариулахдаа Трамп “энэ оны сүүл гэхэд Ковид-19-ийн эсрэг урьдчилан сэргийлэх тарилга бэлэн болно гэдэгт бид итгэлтэй байгаа” гэжээ. Мөн эдийн засгийг сэргээх, сургууль цэцэрлэгүүдийг эргэн нээх талаар асуухад бид эргээд хэвийн амьдралдаа шилжих ёстой хэмээн байр сууриа илэрхийлжээ. Гэхдээ сургуулийн ахмад багш нар коронавирусээр халдварлах өндөр магадлалтай тул бусдад тарааж болзошгүй хэмээн сэрэмжилж буйгаа хэлсэн байна.
АНУ-д коронавирусийн халдварын тохиолдол 1,188,000-д хүрч, 68,500 иргэн нас баржээ. Уг вирусээр дэлхий даяар 3,5 сая хүн халдварлаж, 250,000 орчим хүн нас бараад байна.
Ерөнхийлөгч Трамп халдварт цар тахлын үед Ардчилсан намын авч хэрэгжүүлж буй арга хэмжээг учир дутагдалтай хэмээн шүүмжилж, хэрэв нөхцөл байдал үүнээс дор байсан бол улс төрийн зорилготой ашиглах байсан хэмээн буруутгажээ.
АНУ-д халдварт цар тахал орж ирэхээс өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээ авалгүй цаг алдаж оройтсон гэж Трампыг шүүмжилж байгаа. Энэ тал дээр Трамп нэгдүгээр сарын 23-ны өдөр тагнуулын албанаас мэдээ авсан ч вирусийн тохиолдол бодитоор илрээгүй байсан гэж хариулжээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.